Шөнө сэрүүхэн хоножээ. Түүнтэй мэндлэхээр, хайрлахаар, харамсахаар, бас хүмүүст ирсэн гэж харагдахаар дүр эсгэж ирсэн бүх хүнийг тэр ажиглаж байв. Ихэнх нь түүний тухай бодохоосоо илүү хэвлэлийнхний дуранд өртөж, сайн хүн шиг харагдахыг чармайж байгаа нь илт.
Гэсэн ч энэ удаа яагаад ч юм амьдрал өмнөхөөсөө илүү гэрэл гэгээтэй юм шиг санагдаж байлаа. Өглөө эрт хогийн тэрэг түрсээр хүрч ирсэн ягаан хантаазтай залуу дуу аялан өмнөх замыг нь шүүрдэж, хог түүнгээ ноосон цамцныхаа ханцуйгаар 14 жилийн турш солилгүй өмссөн ч нэг ч элэгдээгүй байгаа гутлынх нь хоншоорыг цэмбийтэл нь арччихаад явсан. Тэр залуу энэ өдрийн хамгийн эхний зочин байсан юм.
Зориг 4-р сарын 20-ны энэ орчлонд ирсэн өдөр, 10-р сарын 2-ны энэ хорвоогоос явсан өдрөөрөө өглөөнөөс орой хүртэл цувах түмэн хүний дундаас ээжтэй нь улам бүр адилхан болж байгаа дүүгээ, хүйтэн хөшөөг нь халуун алгаараа илээд өнгөрдөг ахыгаа, хүний л хань хойно оройтож ирэхэд нь үглэж дуулдаг байсан Булганыгаа, каракул захтай драпан пальтоныхоо захыг нь босгоод хүйтэн гудманд хөлөө дэвсэн, хөгжилтэй яриа өрнүүлдэг байсан байсан хэдэн найз нараа, умгар өрөөнд 100 грамм, цагаан талхны ард шатар нүүдэг байсан андыгаа, улс төрд ханцуй шамлан хамтдаа зүтгэж байсан “алтан хараацай”-нуудаа харцаараа хайдаг болсоор уджээ.
Нуруу чацуу найзууд нь жин нэмж, аав шиг нь цагаан толгойтой хижээл эрс болсныг тэр жил ирэх бүр харсаар дасал болсон. Бас нялх хүүхэд шиг бас ээжийгээ санана. Буурал үс нь ирэх бүр цаст уулын орой шиг цагаан болж, хавар намрын пальтондоо жижигдэн харагдах болсон ээжийгээ өмнө нь цэцэг тавихад “Уучлаарай, ээж минь” гэж зүрхэндээ шивнэдэг байснаа санана. Хонхын Цогтсайханыг үгүйлнэ. Хамгийн сүүлд тэргэнцэртэй ирээд мартаж санадаг болсон ой ухаандаа Зоригийгоо үгүйлж, уйлсаар буцсаныг сэтгэл сэмрэн бодно. Тэр ч бас санаж дурсах сайхан дурсамжуудтай шүү дээ. Түүнийг зорин ирэх хайртай хүмүүс нь жил ирэх бүр хорогдож байгаад тэр харамсана..
Өнөөдөр таньдаг таньдаггүй олон хүнийг харж, камерийн дуранд өртсөөр ядарчээ… Ганц сайхан Стюардес татах юмсан. Үүр хаяарахад түүний хажууд нөгөө залуу хүрч ирэн хөлд нь бээрч хоносон цэцэгнүүдийг янзлангаа халааснаасаа нухчигдаж үйрсэн тамхи гаргаж асаан үзүүрийг нь имэрснээ шуналтай гэгч нь сорлоо. Өөвгөр сөөвгөр хэдэн сахал нь Богд уулын орой дээрх цөөхөн модод шиг өмөлзөн хөдөлснөө бөөн цагаан утаа олгойдон түүнийг чиглэн хөөрөхөд 14 жил мэдэрч чадаагүй байсан дотно үнэр хамаг биеэр нь тархаж, хамрын самсаа нь шархирах шиг болов.
Тэр зогссоор л… Тэр юу хүлээж байгаагаа маш сайн мэдэж байлаа.