Гүржийн сонгуульд ялалт байгуулаад байгаа сөрөг хүчний лидер тэрбумтан Бизина Иванишвили “хууль бусаар хураасан” Гүржийн иргэншлэлээ долоо хоногийн дотор эргүүлж сэргээхийг эрх баригчдаас шаардав.
" Эрх баригчдад хандан энэ хэргийг шударгаар шийдэхийг би хүсч байна” хэмээн тэрээр хэлэв. Гэхдээ тус улсын иргэн биш байсан ч тэрээр Засгийн газрыг толгойлж болно гэдгийг бас хэллээ. “Парламент ерөнхий сайдыг сонгодог. Бид олонх болсон учир энд асуудал гарахгүй” гэж тэрээр тэмдэглэв. Иванишвили мөн ерөнхийлөгч Михаил Саакашвилид хандан огцрохыг уриалсан байна. “Чингэвэл тэрээр нэр хүндээ хадгалж үлдэнэ” гэж “Гүрж мөрөөдөл” эвслийн лидер онцолжээ.
Анх түүнийг 1980-аад оны сүүлчээр Орост гарсны дараа Гүрж улсынхаа иргэнээс нь хасч, 2004 онд эх орондоо буцаж ирэхэд нь ерөнхийлөгчийн зарлигаар иргэншлэлийг нь сэргээж байсан. Гэхдээ тэрээр Оросын паспортаа хадгалж байдаг. Иванишвили 2010 онд Францын харьяалалтай болсон учир өнгөрсөн жилийн аравдугаар сард түүний иргэний эрхийг дахин хасах ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Гүржийн Иргэний хуулийн 32 дугаар заалтаар тус улсын иргэн өөр улсын харьяалалтай болсон бол иргэний эрхийг нь шууд хасдаг ажээ.
Энэ хавар Иванишвили иргэний эрхээ сэргээлгэх хүсэлт тавьсныг засаг нь хүлээн аваагүй юм. Гэхдээ тэрээр тавдугаар сард Үндсэн хуулинд оруулсан нэмэлтээр сонгуульд оролцох боломжтой болсон. Парламент Гүржид төрсөн, сүүлийн таван жил нутагтаа байсан Европын холбооны иргэнийг сонгогдох эрхтэй болгожээ. Гэхдээ тэрээр үүнийг ашиглаагүй бөгөөд сонгуульд нэр дэвшээгүй, мөн санал өгөөгүй ажээ. Харин одоо “Гүрж мөрөөдөл” эвсэл сонгуульд ялалт байгуулаад байгаа юм.