Нигерт оюутнууд руу халджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Нигерт оюутнууд руу халджээ

Нигерийн зүүн хойд хэсгийн Муби хот дахь Улсын Политехникийн их сургууль руу өчигдөр зэвсэглэсэн этгээдүүд халдаж 25 оюутан болон сургуулийн харуул нас барсан гэж албаныхан мэдээлжээ. Харин зарим эх сурвалжууд уг халдлагын үеэр 40 хүн нас барсан гэж мэдэгдсэн байна. Нигерийн хамгаалалтын албаныхан дахин хүчирхийлэл гарахаас сэргийлэн  тус хотод өчигдөр шөнөөс өнөө өглөөний 06:00 хүртэл  хөл хорио тогтоосон байна. Түүнчлэн уг халдлагын улмаас  Нигерийн Улсын Политехникийн Их Сургуулийг түр хугацаагаар хааж, зарим оюутнууд хотоос дүрвэжээ. Энэхүү халдлагыг харсан гэх гэрчүүд ““Боко Харам” бүлэглэлийн таних тэмдэг бүхий хувцастай буутай этгээдүүд сургууль руу нэвтрэн, халдлага үйлдсэн гэж мэдэгджээ. Гэхдээ уг халдлагын хариуцлагыг “Боко Харам” бүлэглэл хүлээгээгүй байгаа ч, халдлага “Боко Харам” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэсэн олон хүнийг баривчилсны маргааш нь болсон нь сэжиглэх нэгэн үндэслэл болж байна. Нигерийн албаныхан тэдгээр зэвсэглэсэн этгээдүүд ямар зорилгоор оюутнууд руу халдсаныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн удаад “Боко Харам” бүлэглэлийн дайчид тус хотын гар утасны сүлжээний станц руу халдаж хотоос мэдээлэл хүлээн авах боломжгүй болгож байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж