Шинэ аваргын тухай Асахи сонины эхний нүүрт

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Шинэ аваргын тухай Асахи сонины эхний нүүрт

Асахи сонин, 1-р нүүр 2012.09.24

Японы өдөр тутмын том сонин "Асахи"-гийн нэгдүгээр нүүрэнд 607 үсгэнд багтааж бичсэн "Тэнсэй жинго" нэртэй жижиг булан 1904 оноос тогтмол гарч байгаа юм. "Тэнсэй жинго" гэдэг нь Vox Populi, Vox Dei ("The voice of the people is the voice of the gods") хэмээх латин үгийн орчуулга бололтой. Агуулгын хувьд тэнгэрийн байдал, цагийн аяс, хандлага зэргээр сонины редакцийн үзэл бодлыг товчхон өгүүлсэн бяцхан эссе гэж тодорхойлж болно. 2012 оны есдүгээр сарын 24-ний Асахи сонины "Тэнсэй жинго" шинээр мэндэлж буй аваргын тухай дарааг нийтлэлийг гаргажээ. Бүрэн эхээр нь орчуулснаа Цахим өртөө вэб дээр мөн тавьсан болно.

"Кашивадо аваргын хүчинд л Тайхоо байсан юм шүү". Энэ бол дотно андаа дурссан Тайхоо аваргын үг билээ. Кашивадо Тайхоогийн үе гэж хэлэгддэггүй юм аа гэхэд, хүч тэнцүүхэн хоёр аварга баруун зүүн жигүүрийг тэргүүлснээр өнөөгийн сүмоо одоо л нэг зохисоо олж, чансааны жагсаалтыг харахад сэтгэлд өег болох нь. Харүмафүжи хоёр башё дараалан өвдөг шороодолгүй түрүүлснээр 5 жилийн дараа шинэ аварга мэндлэх болов. Асашёорюү зодог тайлсны сүмоогийн ертөнцийг үүрч ирсэн Хакүхоог сүүлчийн өдрийн барилдаанд золгож бариад хүчээ шавхан шидэж унагалаа. Үзэгч олныг цэнгүүлсэн эрчтэй сайхан барилдаан болов. 68, 69, 70 дахь их аварга хэмээх сүмоогийн оргил цолыг монголчууд ийнхүү эзлэв. Асашёорюүг "эрэмгий" гэвэл Хакүхоог "уян", харин өндөр мэдрэмжтэй Харүмафүжиг "хурц" гэвээс зохилтой. Уян агаад эрэмгийг хослуулсан хурд, хурц мэх түүний онцлог. Доогуур ордог тачиай нь шонхор мэт хурц шунгалттай. Заримдаа акробатчиныг ч санагдуулам агаад дэвжээний ирмэгт шахагдах агшинд биеэ зольсон зоригтой мэх хийнэ. Шууд тулан мөргөдөг их аваргын барилдаан биш ч гэсэн хэдийн 28 хүрсэн энэ бөх үзэгчдийг татсан барилдааны арга барилаа өөрчлөхгүй биз ээ. Аварга гэдэг бол ялагдаад байж болдоггүй хүнд дарамтанд бие сэтгэлээ шулуулдаг ажил. 1945 оноос хойшхи тоо баримт харахад дунджаар 26 настайдаа аварга болж, 31 настайдаа зодог тайлдаг байж. 50-иас илүү башёд барилдсан нь Китано-Үми, Чиёнофүжи, Тайхоо, 40-өөс илүү гарсан нь Таканохана, Акэбоно, Кашивадо, Важима, Асашёорюү төдий. 4 жилийн өмнө оозэки цол авсан Харүмафүжи "Нэрээ хичээж, зөв амьдрахыг боддог" хэмээн өгүүлэхэд цаашаа өсөх залуу байна даа гэж бодож билээ. Яльгүй хожуу их цолонд хүрсэн ч өмнөх алдарт аваргуудын сүрд дарагдалгүй урьдын хэвээр зэрлэг омголон барилдаасай. "Үзэгчдээ цэнгүүлсэн аварга" хэмээгдэх нэр ч хүлээж байгаа юм бил үү.

Эх сурвалж: http://emosclub-naranbayar.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж