Өвлийн ачаар Хятадад нүүрсний үнэ өсөх ч гэсэн

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Өвлийн ачаар Хятадад нүүрсний үнэ өсөх ч гэсэн

Хятадын банкууд нүүрс импортлогч, тээвэрлэгч компаниудад зээл өгөхөө багасгаж, нөхцөлөө чангаруусаар байгаа нь өвөл болохоор үнэ өсч зах зээл сэргэнэ гэдэг найдварыг нь мөхөөж байна.  

Хятадын нүүрсний зах зээл дээрх тоглогчид өвөл цахилгаан станцаас эхлээд үйлдвэрүүд нүүрсний нөөцөө нэмдэг учраас дөрөвдүгээр улиралд нүүрсний худалдан авалт бас хэрэглээ нэмэгдэнэ гэж найдаж байгаа юм.

Гэтэл банкууд нүүрсний худалдааны компаниудын хүзүүг мушгих гэж байгаа юм шиг дэндүү харамч хандаж байна гэж нэрээ нууцалсан европ наймаачин “Ройтерс”-т мэдээлжээ.

Өвөл ойртсон ч нүүрсний үнэ цаашид доогуур хэвээр байж магадгүй, олон худалдааны компани алдагдалтай ажиллаж байгаа учир найдваргүй зээл гаргахгүйн тулд банкууд мөнгө зээлэх компаниа маш болгоомжтой сонгож, хатуу шаардлага тавих нь ойлгомжтой гэж “Хятадын сэргээн босголтын банк”-ны зээлийн мэргэжилтэн тайлбарлажээ.

Үнэ унаснаас болж худалдаачид эхнээсээ тээвэрлэлтээ хийж чадахгүй болж эхэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр Хятадын  дотоодын нүүрсний уурхайнууд нүүрсээ хямдруулж эхлэхэд импортлогчид бүтээгдэхүүнээ зарах нь хүнд болж алдагдал хүлээж байна.

Жишээ нь энэ оны дөрөвдүгээр сард 787 юань буюу 120 долларын үнэтэй байсан эрчим хүчний нүүрсний үнэ наймдугаар сард 626 болж унасан ба есдүгээр сард бага зэрэг сэргэж 630 орчим юань буюу 90 орчим ам.долларын үнэтэй байна.

Нүүрсний үнэ хоёр сарын дотор 15 ам.доллараар унаснаас “Жухай Чинфа” гэдэг худалдааны компани оны эхний зургаан сарын дотор 15,7 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ компани өнгөрсөн оны мөн үед гурван сая ам.долларын ашигтай ажиллаж байсан юм. 

“Бид өвөл болохын өмнө үнэ өснө гэж найдаж байна, гэхдээ банкууд зээлийн нөхцөлөө чангаруулж байгаад үнэхээр гонсойж байна” гэж Сингапурт төвтэй нүүрсний худалдааны компанийн ажилтан “Ройтерс”-т ярьсан байна.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж