
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохионы ажиллагааны горим боловсруулах, шинэчлэх дүрэм”-ийн төслийг боловсруулаад байна. Энэхүү төсөлд инженер, техникийн мэргэжилтнүүд болон иргэд саналаа өгөх боломжтой талаар Нийслэлийн авто замын газраас мэдээлж байна. Нийслэлд энэ оны байдлаар 70 иж бүрэн гэрлэн дохио авто замын уулзвар болон явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор ашиглаж байгаа. Гэхдээ замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохионы хэвийн байдлыг хангахгүй тохиолдол олон байдаг гэнэ. Тодруулбал, уулзварын хөдөлгөөний зохион байгуулалт нь гэрлэн дохионы ажиллагаатай уялдах боломжгүй, зэргэлдээ уулзварын гэрлэн дохио хоорондоо зөрөх, төмөр замын гарамтай огтлолцсон үед дохиог хэрхэн өөрчлөх зэрэг нарийн асуудал үүсдэг байна. Үүний нэг жишээ нь, Налайхын авто замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио Монгол Улсын замын хөдөлгөөний стандартыг зөрчсөн төдийгүй яаж ажиллуулах талаарх тооцоолол байхгүй гэнэ. Тиймээс энэ бүх нарийн асуудлыг шийдэхийн тулд иргэд, жолооч нараас гэрлэн дохионы ажиллагааны талаарх саналыг авч байгаа ажээ.
У.БОЛОР