Улсын аваргын баг шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Улсын аваргын баг шалгарлаа

Монгол улсын Гавъяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсны нэрэмжит өсвөрийн волейболчдын улсын аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн Дундговь аймагт  боллоо. Тэмцээнд 14 аймаг хотын нийт эрэгтэй 20 баг, мөн эмэгтэй  20 баг, 450 орчим тамирчин  ирж оролцож, Эрэгтэйчүүдээс Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, эмэгтэйчүүдээс Багануур,  Баянгол дүүрэг,  Хөвсгөлийн баг алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний талаар Дундговь аймгийн баг тамирчдын дасгалжуулагч ОУХМ М.Гаамаагаас тодрууллаа.

-Дундговь аймгийн спортын оргил бол маргаангүй волейбол байдаг. Дундговьчууд улс бүсийн чанартай тэмцээнүүдийг тэргүүлж, шигшээ багуудад шалгардаг уламжлалтай. Энэ зуны Улсын мини волейболчдын тэмцээнд багийн дүнгээр түрүүлсэн. Ийм амжилтыг аймгийн зүгээс яаж урамшуулдаг? Мөн волейболчдоо хэрхэн дэмжиж ажилладаг вэ?

-Аймгийн спорт хорооноос дэмжлэг бараг байхгүй дээ. Тэмцээн уралдаанд явахад санхүүгийн асуудал их бэрхшээлтэй. Үүнээс болон хоёр жил тэмцээнээ өнжсөн ч тохиолдол байдаг. Бид өөрсдийн бололцоогоор тамирчдынхаа чадвар чансааг өсгөх зорилгоор тэмцээнүүдэд аль болох алгасахгүй оролцохыг зорьдог. Үүнд аймгийн волейболын холбооны дарга С.Дэжид, мөн аймгийн компаниуд дэмжиж тусалдаг. Улсын тэмцээнүүдэд медальт байруудад шалгараад ирэхэд  аймгийн зүгээс тамирчид, дасгалжуулагч нартаа нэгдүгээр байранд орсон багийн тамирчин тус бүрийг 20000 төгрөг, хоёрдугаар байранд 15000-төгрөгөөр шагнадаг  нь дэмжлэг юм даа.

Зураг дээр.: Дасгалжуулагч М.Гаамаа /голд нь/
Тэмцээний нээлтийн агшин


Ц.ДАВААСҮРЭН
/МУИС-ын сэтгүүл зүйн 3-р дамжааны оюутан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж