Сири улсад улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсч иргэний дайн эхэлсээр 18 сарын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ хугацаанд ойролцоогоор 28 мянга гаруй хүн амь насаа алдсан гэсэн мэдээг албаны эх сурвалж ирүүлээд байгаа юм. Даваа гаригт гэхэд 183 хүн амь үрэгдсэний 12 нь бага насны хүүхэд байсан байна. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь бөмбөгдөлтөд өртөж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Нийслэл Дамаск болон Алеппо хотод дайны гал ширүүн хэвээр байна.
Сирийн цэргийн арми Алеппо хотыг бүхэлд нь агаарын довтолгооны хяналтдаа байлгаж байгаа аж. Энэ нь Асадын цэргүүд хамгийн ноцтой гэх цэгүүдийг хяналтдаа байлгаж байгаа гэсэн үг юм.
Өнгөрөгч оны гуравдугаар сараас эхлэн өнөөг хүртэл 28 мянган иргэн цаг бусаар амиа алджээ. Тэдгээр хүмүүсийн 24 мянга орчим нь дайнд оролцож амь насаа алдсан бол үлдсэн 4000 орчим хүн тэнэсэн сум, хүчирхийлэл өртөн нас барсан гэсэн мэдээлэл байна.
Сирийн Засгийн газар ч тэр олон улсын байгууллагууд ч нас барсан хүмүүсийн тоог гаргахаас өөр дорвитой зүйл хийж чадахгүй байгаа талаар CNN агентлаг мэдээллээ. Өнгөрөгч наймдугаар сард гэхэд 5091 хүн амь насаа алдсан бол есдүгээр сард 4071 хүн амиа алдсан гэсэн статистик мэдээ ирсэн байна.
Ийнхүү хүмүүсийг үй олноор нь хядаж байгаа нь хүний эрхийг умартсан гэдгийг баталж байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчид Сири улсад ажиллаж эхлээд байгаа. Сангийн ажилтнууд халдлагад өртсөн болон өнчирч хоцорсон, гэр орноосоо төөрсөн хүүхдүүдийг халамжийн байрандаа байрлуулж байгаа юм. Халамжийн төвд ирсэн хүүхдүүдийн ярьж буйгаар гэр бүлийн гишүүдээсээ хэн нэгнийг нь алдаагүй үлдсэн хүүхэд байхгүй гэнэ.
Өнгөрсөн лхагва гаригт гэхэд Сирийн Хама аймагт өсвөр насны дөрвөн хүүхэд дэлбэрэлтийн улмаас галд шатаж амь насаа алджээ. Энэ мэт цуст мөргөлдөөний улмаас хүүхдүүд хохирч байгааг анхааралдаа авахыг НҮБ сануулж байна.
НҮБ-ын хүүхдийн сангийн Сири дэх төлөөлөгч “Сирийн хүүхдүүд их гутранги үзэлтэй болж төлөвшиж эхэллээ. Учир нь тэдний нүдэн дээр ойр дотныхныг нь алж байна. Энэ нь хүүхдүүдэд маш хүндээр тусч байгаа” гэж ярьж байна.
Сирийн бослого хөдөлгөөний голомт болсон хотуудад сургуулиуд ажиллахгүй байгаа бөгөөд эмнэлгүүд бөмбөгдөлтөд болон дайны галд өртсөн хүүхдүүдээр дүүрсэн аж. Мөн түүнчлэн эмх замбараагүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор бэлгийн дарамтын хэрэг их гарч байгаа гэнэ. Тиймээс Сирийн Засгийн газраас дайн болж буй хотын сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх зорилт тавьж байгаа юм.