-Хүүхдийн мөнгийг авахын тулд эцэг, эхчүүд хаана хандаж, ямар материал бүрдүүлэх вэ?
-Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш. Энэ бол хүүхдийн мөнгөөр дамжуулан өрх гэрийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогын асуудал тул манай Нийгмийн халамжийн байгууллага тэр бүр оролцохгүй. Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу иргэн шууд банктайгаа харилцах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хүссэн банкны дурын салбарт иргэний цахим үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй очин жишиг бүртгэлийн маягтын хуудсыг бөглөж, хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэх хэрэгтэй. Хуучин иргэний үнэмлэх бус бус зөвхөн шинээр олгож байгаа цахим иргэний үнэмлэх гэдгийг дахин сануулъя.
-Зөвхөн ээж нь хүүхдийнхээ дансыг нээж, мөнгийг нь авах уу?
-Дансыг 16 нас хүртэлх хүүхдийн ээж, ээж нь талийгаач болсон бол аав нь, эцэг эх нас барсан бол асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсвэл гадаадад байгаа тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгч, 16 нас хүрсэн бол хүүхэд өөрөө дансыг нээлгэх боломжтой. Асрамжийн газар асруулж, хорих газар ял эдлэж, гадаадад сурч, амьдарч байгаа хүүхдүүдийн тэтгэмжийг хэрхэн олгох асуудлыг журамд тодорхой заасан. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон асрамжийн газрууд нь Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газартай гэрээ хийж тухайн хүүхдэд хадгаламж нээж өгнө.
-Гэрээ байгуулсан банкныхаа бүх салбараас хүүхдийнхээ мөнгийг авч болох уу?
-Тийм. Данс нээлгэсэн банкныхаа бүх салбараас ямар нэгэн шимтгэлгүйгээр авах юм. Мөн өөрийнхөө кредит карттай хүүхдийнхээ дансыг холбуулж болно. Ингэвэл хүүхдийн мөнгө тань таны данс руу автоматаар орно гэсэн үг. Мөн хотод харъяалалтай байсн ч хөдөө орон нутгийн банкны салбараас авч болно. Бид аль болох иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх үүднээс шийдвэрлэсэн.
Анхааруулахад хэрэв банкинд очиж хүүхдийн мөнгө авах дансаа нээлгэж амжаагүй бол мөнгийг нөхөн олгохгүй, өөрөөр хэлбэл дансаа нээлгэсэн цагаас л тухайн сарынх нь мөнгө олгогдож эхэлнэ. Өөрөөр хэлбэл, та энэ сардаа багтааж дансаа нээлгэхгүй бол тухайн сарынхаа хүүхдийн мөнгийг авч чадахгүй нь байна шүү. Мөн олон хүүхэдтэй бол бүх хүүхдийнхээ мөнгийг нэг дансанд хийлгэж болох гэнэ.
Та хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, өөрийн цахим үнэмлэхтэйгээ сонгосон банкинд очин дараах маягтыг бөглөх юм байна.