Санал хураах байрнууд үүдээ хаагаагүй байхад Бизина Иванишвилийн “Гүрж мөрөөдөл” эвслийн талынхан аравдугаар сарын 1-ний орой Тбилисийн гудамжинд цугларан эксит-поллын дүнг хүлээж эхлэв. Анхны мэдээлэл гарч сонгуульд “Гүрж мөрөөдөл” ялсан нь тодорч эхэлсний дараа сөрөг хүчнийхэн баяраа тэмдэглэж эхлэв. Нийслэл тэр чигтээ баяр хөөрөөр дүүрэг байлаа. Гудамжинд хүмүүс бие биендээ ялалтын баяр хүргэж, машины дуут дохиогоо хангинуулж байлаа.
Гүржийн нийслэлийн гудамжууд баярын нүүр царайгаар дүүрэв
Цөөнгүй хүн санал хураалтын байрнуудын дэргэд цугларан цонхоор саналын дүн тоолохыг анхааралтай ажиглан элдэв заль гаргах вий гэж болгоомжилж байв.
Тбилисийн төвийн Эрх чөлөөний талбайд аз жаргалаар гийсэн олон хүн, гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ цугларч, эвслийн далбаа барьсан хүмүүс зургаа татуулж, “Энэ бол хувьсгалаар олсон бус сонгуулиар олж авсан анхны ялалт” гэж ярьж байлаа.
Иванишвилийн талынхан Руставели гудамжинд намынхаа байрны өмнө цугларч эрх баригч “Үндэсний нэгдмэл хөдөлгөөнийхөнтэй” элдэв сөргөлдөөнгүй ялсан хэмээн бардам байлаа.
Саакашвили сөрөг хүчний ялалтыг хүлээн зөвшөөрлөө
Эхлээд Бидзина Иванишвили сонгогчдодоо хандав. Сөрөг хүчний лидер тэрээр сонгогчдодоо итгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд Умарт Атлантын чиглэлийн гадаад бодлого явуулна гэдгээ дахин илэрхийлэв. Мөн үндэсний цөөнхийн эрх ашгийг хүндлэх шаардлагатайг сануулж байлаа. Тэрбумтан тэрээр “Энэ бол мөрөөдлийн эхлэл” гэж хэлэв. Мө өөрийн талынханд хандан ямар нэгэн түрэмгий араншин гаргахгүй байхыг тэр уриаллаа. Саакашвилийн намын талынхныг тэрээр “ахан дүүс” гэж нэрлээд тэдэнд хүлцэнгүй хандах хэрэгтэй гэсэн байв.
Иванишвилийг үг хэлснээс хойш хагас цагийн дараа Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили сонгуульд идэвхтэй оролцсонд нь хүмүүст баяр хүргээд намын жагсаалтаар “Гүрж мөрөөдөл” ялсан, харин мажоритари сонгуульд нь өөрийн намыг ялна гэж найдаж буйгаа хэлэв. Сонгуулийн эцсийн дүнгээр түүний нам ялж болохыг тэр үгүйсгэсэнгүй. Мөн тэрээр сөрөг хүчинтэй хамтран ажиллаж болохоо илэрхийлэв.
Иванишвили ч мажоритари саналыг оруулаад 150 хүнтэй парламентад наад зах нь 100 мандаттай болно гэсэн байна. Саакашвилийг ялагдлаа хүлээн зөвшөөрснийг тэрээр сайшаажээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр “Гүрж мөрөөдөл” сонгуулийн жагсаалтаар 54 хувийн саналаар тэргүүлж, эрх баригч ҮНХ нам 41 хувийн санал авч байна. Сонгогчдын оролцоо 61 хувьтай байжээ.
Олон улсын ажиглагчид Гүржийн сонгуулийг ардчилсан стандартаар явагдсан гэж үзэж байна. Тэд бас сонгуулийн үеэр байдал нэлээд хурц байсныг тэмдэглэжээ.
Орон нутагт түгшүүртэй
Нийслэл баяр хөөр болж байхад хөдөө орон нутгаас сонгуулийн зөрчлийн талаар түгшүүртэй мэдээ ирж байна. Эрх баригч нам сонгуулийн дүнг будлиантуулахыг оролдсон учир өөрсдийн сонгуулийн эрхийг хамгаална гэж сөрөг хүчин мэдэгдэж байна. Хэд хэдэн санал хураах байранд цагдаагийн тусгай ангийнхан ирж Хашурийн районд байдал түгшүүртэй байв. Сонгуулийн нэг санал хураах байрнаас сонгуулийн дүнгийн протоколыг хулгайлсан мэдээ дэгдээд байгаа. Тэнд цугларсан хүмүүсийн эсрэг цагдаа нулимас асгаруулах хий болон резинэн сум хэрэглэжээ. Гэсэн ч Дотоод хэргийн яам ийм зүйл гараагүй гэв. Засгийн газрын бус байгууллагууд эдгээр цэгүүдэд сонгуулийн дүнг хүчингүй болгохыг шаарджээ.
Орон нутагт ажилласан Засгийн газрын бус байгууллагынхан сонгуулийн тэмдэг тавих бэхийг чанаргүй байсан гэснээс гадна эрх баригч намынхан хууль бус сурталчилгаа хийсэн, мөн сонгогчдыг дарамталсан гэж тэмдэглэв. Саналын хуудас бас хомс байсан талаар мэдээлж байна.
Сагарежо тойрогт комиссийн гишүүд нь гүрж хэл мэдэхгүй байснаас ихээхэн булиан гарч баримтуудтай ажиллаж чадсангүй.
Гүржийн парламентад дөрвөн жилийн хугацаатайгаар 150 депутат сонгогдох бөгөөд тэдний 77 нь намын жагсаалтаар, 73 нь мажоритар тойргуудаас сонгогдох юм. Сонгуульд 16 нам оролцож байгаа ба таван хувийн саналын босго давсан нам парламентад суух болно. Сонгогчдын 30-аас дээш хувийн дэмжлэг авсан хүмүүс мажоритари тойргуудаас парламентад сонгогдоно.