Н.Мөнх-Оргилын цаазаар авах ялыг өршөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилын цаазаар авах ялыг өршөөжээ

Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчиндэж, нэг охиныг хүчиндэхийг завдсан нь тогтоогдсон Н.Мөнх-Оргилын хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн цаазаар авах ял оноосон. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар оноосон цаазын ялыг хэвээр баталсан. Харин ялтан Н.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал үзүүлэхийг хүсээд байсан билээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлж, цаазаар авах ялыг нь 30 жил болгон өөрчилжээ.

Н.Мөнх-Оргил нь өнгөрсөн 2010 оны тавдугаар сарын 3-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VIII багийн нутагт долоон настай М-г хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эдгээр гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоолойг нь гараараа боож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн. Түүнчлэн 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд Баянгол дүүргийн  XVII хорооны нутаг дэвсгэрт 10 настай С-г хүчиндсэн, мөн оны дөрөвдүгээр сарын 21-нд мөн дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 9 настай Н-ийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний хоолойг гараараа боож, хүчиндэхийг завдсан, 2010 оны дөрөвдүгээр сарын 22-нд мөн XII хорооны нутаг дэвсгэрт 8 настай Б-г хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж