Хүндийг өргөлтийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд Азийн 10 орчим орны 120 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсын тухайд голчлон залуу тамирчдаа сойхоор бэлтгэж байна. Бусад орноос ч мөн адил 2016 оны олимпод бэлтгэж буй залуу тамирчид оролцохоо мэдэгдээд буй гэнэ.
Монгол Улс 1994 онд хүндийн өргөлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байсан юм. Энэ тэмцээнд манай улс тамирчдаа хэрхэн бэлтгэж байгаа төлөвлөсөн талаар Монголын хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Энэбишээс тодруулахад “Бид энэ удаагийн тэмцээнд өсвөр болон залуучуудын ангилалд 3-4 медаль авахаар төлөвлөж байна. Ингэхийн тулд бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж байгаа” гэв. Харин бусад орны тамирчдын талаар тэрбээр “Ер нь ихэнх орнууд “битүү морь”-ио илгээх юм шиг байна лээ. Тэгэхээр энэ тэмцээнд чансаатай тамирчид ирэхгүй ч өрсөлдөөн нэлээд ширүүн болох байх” хэмээн ярьсан юм.
Т.МАША