-Морин хуурын чуулга 20 жилийнхээ ойг тэмдэглэж гурван том тоглолт бэлтгэж байгаа гэсэн. Аль алинд нь таны оролцоо нэлээд их байгаа нь дамжиггүй.
-Гурван концертынх нь хөтөлбөрт хушуу л нэмж байх шив дээ.
-Монголын гэж бардам хэлж болох энэ хөгжмийн зэмсэг ер нь хэр өндөр настай эд вэ?
-Морин хуур гэдэг хялгасыг хялгасаар хөрөөддөг хөгжмийн зэмсгийн хувьд дэлхий дээр ганц. Хийлийг гэхэд төмөр утсыг хялгасаар, хуучир болохоор өлөн утсыг хялгасан нумаар хөрөөддөг. Үүх түүхийг судлахад икэлээс гадна арслан толгойтой хуур, луун хуур, хун хуур гээд янз бүр байж. Харин морин толгойтой хуур хэдийд үүссэнийг “Хөхөө Намжил”, Өвөр Монголын “Сүхийн цагаан морь” зэрэг домгоос үзэхээр XYIII зууны орчимд болж таараад байдаг юм.
-Ердөө хоёрхон зууны настай гэж үү?
-Морин хуурыг Хөхөө Намжил зохиосон гэвэл Алтайн харуулд алба хааж байсан, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ч юм уу хүн гэж ойлгогдоод байгаа юм. Тэгэхээр хуур гэдэг хөгжмийн зэмсэг эртнээс нааш байж. Зарчим нь яг одооныхоороо буюу цартай, иштэй, хялгасан чавхдастай, хялгасан нумаар хөрөөддөг. Харин морин толгойтой болгосон нь арай хожуу юм, дээр нэрлэсэн арслан, луун, хун хуур, икэл бол түүний өвөг. Морин хуурыг хөгжмийн зэмсгийн хувьд хөгжлийн шинэ шатанд гаргаж ирсэн нь өнгөрсөн зууны дөчөөд он. Манайд Төв театр байгуулагдаад, Зөвлөлтөөс Смирнов нарын мэргэжилтнүүд ирснээс хойш гэж тодотгож болно. Энэ үеэс морин хуурыг мэргэжлийн урлагийн түвшинд, тайзны түвшинд болгож гаргаж ирсэн.
-Тухайлан та энэ хөгжимтэй яаж холбогдсон юм бэ?
-1971 онд би Багшийн сургуулийн хөгжмийн анги, Батчулуун Хөгжим, бүжгийн сургуулийг морин хуурч мэргэжлээр төгссөн. Бид хоёр төгсөх жилээ Орост болсон Социалист орнуудын нийслэлийн тэргүүний залуучуудын уран сайхны наадамд оролцож Москвагийн Их хурлуудын танхимд би төгөлдөр хуур, Батчулуун морин хууртай тоглож найз болсон улс. Тэгэхээр би морин хууртай 1971 онд Батчулуунаар дамжиж танилцсан. Тэгээд хойшоо сургуульд яваад, төгсөөд ирэхэд Батчулуун Ардын дуу бүжгийн чуулгад байсан.
-Тэр үед яагаад морин хуурын чуулга байгуулах тухай бодоогүй юм бол?
-Намайг төгсч ирснээс хойш Батчулуун, Батсайхан, Цогтсайхан, Ганбат дөрөв Лувсаншарав гуайн найруулсан нэг дуу, Сүхбаатар гуайн хийлд зориулж бичсэн “Цэцэг нуурын хөвөөнд” зэргийг морин хуурын дөрвөлөөр концертод тоглож эхэлсэн. Түүнээс өмнө бол найрал хөгжимд тоглодог, дуучныг дагаж хөгжимддөг, хааяа гоцолдог л байсан. Түүнээс чуулга энэ тэрийн тухай яриа ч байгаагүй юм. 1983 оны сүүлээр би Хөгжмийн зохиолчдын холбооны дарга боллоо. Дараа жил нь холбооныхоо дөрөвдүгээр их хурлыг тавдугаар сарын 14-нд морин хуурын дөрвөлөөр нээсэн. Энэ бол морин хуурын хувьд бие даасан хөгжмийн том үзэгдэл болж буй юм. Улаан социализмын үеийг яриад байна шүү дээ, би. 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга бөгөөд Олон улсын хөгжмийн зөвлөлийн Үндэсний хорооны дарга гэж ЮНЕСКО-гийн харьяа байгууллагыг толгойлж буйгаараа дамжуулж Азийн хөгжмийн индэр симпозиум фестивалийг Монголд санаачилж хийхдээ морин хуурын дөрвөлийг бас тоглуулсан. 1987 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим бичих ажил надад ногдсон. Үндэсний түүхэн, өөрсдөө хийж байгаа анхны кино. Цаг үе нь өөрчлөн байгуулалтын гэдэг улс төрийн хувьд өөр уур амьсгал орсон, үндэсний соёл сэтгэхүйг сэргээн мандуулахад бидний сэтгэл зүрхийг хөдөлгөсөн он жилүүд байлаа. Киноны хөгжмийг дан симфони найрал хөгжимд тааруулж хийдэг уламжлалтай. Яг түүгээрээ хийх гэтэл нөгөө сэргэн мандлын үзэл санаа суулгадаггүй ээ. Тэгээд симфони найрал хөгжмийг үндэсний найрал хөгжимтэй хосолсон байдлаар “Мандухай сэцэн хатан”-ы хөгжмийг бичихдээ морин хуурчдыг тэргүүн эгнээнд авчирч тавьсан. Энэ бол тухайн үедээ цоо шинэ үзэгдэл болсон. Эндээс юу гэж бодсон бэ гэхээр морин хуур найрал хөгжимтэй ч, бие даагаад ч тоглох юм байна гэж.
-Тэгээд тусад нь чуулга болгох тухай яг хэдийгээс бодсон хэрэг вэ?
-1989 онд Өвөр Монголоос Чибулаг гэж хүн Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд Монголд очиж хуурдмаар байна, зөвшөөрөл өгөөч гэж хүсэлт ирүүлсэн. Чибулаг ирээд Хөгжим, бүжгийн сургууль дээр манай Цолмонтой концерт тоглов. Тэгсэн манайхан ч шаагиад явчихлаа. “Өвөр монголчууд манайхаас илүү тоглодог юм биш үү. Чибулаг шиг хөгжимдөж сурахсан, Чибулаг шиг хуурдах хүн Ар Монголд алга” ч гэх шиг яриа гараад ирлээ. Багахан атаа ч хөдөллөө. Жамьян амьд байхад юун Чибулаг гэсэн шүү юм бодоод. Тэгтэл удалгүй Чибулагаас Өвөр Монголд Морин хуурын нийгэмлэг байгуулж байна, нээлтийн хуралд нь Хөгжмийн холбооны дарга Жанцанноров та болон их хуурч Жамьян, морин хуурч Батчулуун нарыг урьж байна аа гэсэн урилга ирлээ.
-Манайд тэр нийгэмлэгтэй төстэй байгууллага байсан уу?
-Манайд байхгүй. Тэгтэл монгол морин хуурынхаа нийгэмлэгийн нээлтийн хуралд оролцохоор гадагшаа явахаар болж байгаа юм. Тавдугаар сард болсон хуралд нь бид гурав явлаа даа. Очоод нээлтийн хурал дээр нь би Хөгжмийн холбооны даргын хувьд үг хэлэхдээ Монгол бол ийм их уламжлалтай, Жамьян багш бол дүрээрээ монгол морин хуурын сонгодог дэг сургууль, түүний хамгийн аварга шавь нарын нэг Батчулуун бас ирлээ. Танай Чибулагийн багш Сандүүрэн гэдэг бол манай Жамьян багшийн шавь юм байна гээд морин хуурыг Монголынх гэдгийг батлах маягаар санаагаа шургуулаад нийгэмлэг байгуулж байгаад баяр хүргэсэн. Мэдээж санаагаа шуудхан ил тод хэлчихэж болохгүй шүү дээ, одоогийн Хятад, Япон хоёрын арал булаацалдаж байгаа шиг. Тэгээд орой нь Чибулаг долоо найман шавийнхаа хамт нөгөө “Түмэн агтын төвөргөөн”-өө тоглов. Гоё юм аа.
-Атаархсан хэрэг биз. Атаарал ямар нэг шинэ санаа өгөв үү, тэгээд?
-Шагшаад магтаад хүрээд ирсэн хэрэг биш шүү. Батчулуун багш бид хоёр ярьсан. Манайд Жамьян багш байгаа, хуураар өвөр монголчуудаас хамаагүй чадвартайгаа мэдэж байв ч ийм олон хуурч суулгаад концертод тоглодоггүйгээ ч мэдэж байв. Нийгэмлэг байгуулаагүйгээ ч мэдэж байв. Ингэхээр дарга хүн чинь бодно биз дээ. Нөгөө соёлын үндэсний аюулгүй байдал хаачлаа гэж. За яахав өвөр монгол болохоос хятад хүн хуурдсан биш гэж тайвширч болох ч монгол хуураар хуурдаад байдаг. Тэгээд зогсоогүй Морин хуурын нийгэмлэг байгуулчихлаа, одоо яах вэ гэсэн бодол толгойноос гарч өгдөггүй. Галт тэргэнд явж байхдаа ерөөсөө энэ жилийн “Алтан намар” наадмыг морин хуурын наадам болгоё гэж шийдлээ. Тэгээд Чибулагийг, бас Мэргэш гэж том хөгжмийн зохиолчийг нь уриад монгол морин хуур ямар байдгийг үзүүлнэ, Морин хуурын нийгэмлэг ч байгуулна гэсэн хатуу бодолтой Улаанбаатарт бууж байлаа. Энэ нь хор хөдөлгөж, атаархал төрүүлсэн гэхээсээ өвөрлөгчид бидэнд өөрийн гэсэн зүйлээ хамгаалах сэдэл өгсөн хэрэг.
-Тэр бодлоо ажил хэрэг болгосон уу?
-Морин хуурт зориулсан анхны концертоо бичээд Батсайхан хуурч, Жамьян гуай хоёрт өгөөд тэр наадмаар тоглууллаа. Миний “Монгол аялгуу” гэж Морин хуурын чуулга концерт болгоноо эхлүүлдэг тэр хөгжим л дөө. Түүнийгээ 108 морин хуурч анх удаа цуглуулаад Дуурийн театрын тайзан дээр тоглууллаа. Симфони найрал хөгжимтэй Батсайханыг хуурдууллаа. Чибулагийг ч бас хуурдуулсан. Мэдээж манай Батсайхан илүү байлгүй яах вэ. Ингээд Морин хуурын төв гэж байгуулаад ерөнхийлөгчөөр нь Жамьян гуайг тавьчихлаа. Үнэн чанартаа хийх гэсэн юмаа хийчихлээ. Энэ үед Батчулуун багш Баянхонгор аймагт ажиллаж байгаад Хөгжим бүжгийн сургуульд ирчихсэн, гарын шавь нартай ч болсон цаг. Шавь нараа яах билээ гээд ерөөсөө л чуулга байгуулъя гэж бодож. Ерөөлч магтаалч Цэрэндорж гуай тэр үед бас энэ ажилд оролцсон.
-Та бас оролцсон биз дээ?
-Тэр үед нь би улс төр хөөгөөд яг нарийн ширийн ажилд нь оролцож чадаагүй. Орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд байлаа. Морин хуурын чуулгыг байгуулагдах үед Их хурлын гишүүн байсан.Тийм болохоор гардан хөөцөлдсөн, би байгуулсан гэж эдэнтэй булаацалдах юм байхгүй. Гэхдээ Батчулуун багштай Морин хуурын чуулга ямар байх вэ гэдгийг ярилцсан. Үндэсний хөгжим ч тоглодог, сонгодог бүтээл ч хөгжимдчихдөг байх хэрэгтэй гээд бүтцийг нь Батчулуун багш боловсруулахдаа дунд хуур гэж симфони найрал хөгжимд байдаг виолончельтэй төстэй хөгжим шинээр хийлгэе гээд их хуур, дунд хуур, морин хуур гэж дотор нь төрөлжүүлээд дуугардаг царааг нь өргөжүүлээд дээр нь төгөлдөр хуур, флейт, ятга, ёочин нэмээд яг найрал хөгжим дуугарахаар бүрэлдэхүүнтэй болгоё гэж тохироод энэ дагуугаа Батчулуун хөөцөлдсөн. Энэ үед Соёлын хорооны орлогч дарга Намбарын Энхбаяр том дэмжлэг үзүүлсэн. Бас урлаг соёл хариуцсан Шадар сайд Дорлигжав их зүтгэсэн. Ингээд Морин хуурын чуулгыг байгуулсан, 1992 онд. Байгуулагдсан түүх энэ. Хөгжим бүжгийн сургуулийн төгсөх ангийн, Батчулууны шавь нар гээд цөөхөн бүрэлдэхүүнтэй хөөрхөн чуулга болсон.
-Анхны тоглолт нь Дуурийн театрт болсон гэдэг. Та оролцсон уу?
-Норовбанзад гуай, Дашдэлжээ, Энхтайван, Эрдэнэбат гээд мундаг дуучид бүгдээрээ ороод би концертыг нь хөтөлсөн.
-Тэр тоглолтын хөтөлбөрийг гаргахад таны оролцоо байсан биз дээ. Чибулагаас ялгарах онцлогоо хэр сайн гаргаж чадаж байв?
-Чибулагаас буюу өвөр монголчуудаас ялгаатай нь хөгжмийн бүтээлдээ байх ёстойг бид хэн хэн нь тун сайн ойлгож байсан. Түүгээрээ ч хийж чадсан гэж боддог.
-Тэдэнд бэлэн бариад тоглочих хөгжмийн бүтээлийн нөөц хэр байсан бол?
-Наадах чинь хамгийн том асуудал болсон. Тэгээд яах вэ шаварт унасан шарын эзэн өөрөө зүтгэсэн. Ингээд дуурь, симфони гээд том хөгжмийн бүтээл бичье гэж байснаа хаялаа. Олон симфони, дуурь, балет бичээгүй муу хөгжмийн зохиолч гэж намайг зарим нь хэлдэг юм. Үндэсний эрх ашиг гэж байгаа учраас би тэр бүгдийг хойш тавиад Морин хуурын чуулгыг тоглох бүтээлээр хангахын төлөө ажиллахаас аргагүй байсан. Тийм дээ ч өдгөө энэ чуулгын урын сангийн 70-80 хувь нь миний бүтээл байдаг юм гэсэн. Мундаг сайн даа тэр биш шүү дээ. Нэгийг биччихээр дараагийн жил дахиад хиймээр санагдана. Нөгөө хүүхдүүд өсч хөгжөөд ирэхээр чадварт нь тааруулаад юм бичмээр болно. Ингэхээр би өөрөө ч хөгжиж, намайг дагаад хүүхдүүд ч өсч байлаа. Яг энэ чуулгад зориулж 70 гаруй бүтээл бичсэн. Найруулсан эд нарыгаа оруулбал замбараагүй л дээ.
-Бас Батчуулуун багшийн нөлөө их байсан биз?
-Миний найз Батчулуун хэдийгээр гадаадад сургууль төгсөөгүй ч надаас илүү ухаантай, надаас илүү чадвартай, надаас илүү авьяастай хүн шүү дээ. Би гаднаас олж ирснээрээ найзыгаа дэмжиж энэ хорин жилийн хугацаанд “Цагаан суварга”, “Нутаг хүлэг”, “Сэтгэлд шингэсэн говь” гээд Морин хуурын чуулгын тоглосноор хүмүүсийн сонсох дуртай бүтээлүүдийг хийсэн. Бас киноны хөгжим рүү их татсан. “Бүлээн нурам”, “Догшин хутагтын сахиус” гээд олон киноны хөгжмийг хуурын чуулгынхан тоглосон. Радиогийн ч олон хөгжим бий.
-Гэхдээ дандаа нэг хүний бүтээл тоглоод байна гэдэг хэр зөв сонголт вэ?
-Наад асуулт чинь яах аргагүй гарч байгаа юм. Тиймээс Гончигсумлаа, Чойдог гээд том хөгжмийн зохиолчдын симфони найрал хөгжимд зориулж бичсэн бүтээлүүдийг Морин хуурын чуулгад зориулан хөрвүүлэх ажил их хийсэн. Хөгжмийн зохиолчдын анхаарал ч яах аргагүй наашаа хандсан. Шаравын “Наадмын дэнж” гээд сайхан бүтээл бий. “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг” гээд бүтээлүүдийг нь Морин хуурын чуулгынх болгосон. Шарав, Нацагдорж, Чинзориг гээд минийн үеийн хөгжмийн зохиолчид Морин хуурын чуулгад зориулж бүтээл хийх болсон нь урын сангийн бүтцэд тун сайн нөлөө үзүүлж, улам хүчтэй болсон.
-Зөвхөн Жанцанноровын, эсвэл Шаравын бүтээлийг тоглоод Морин хуурын чуулга дэлхийд гарна гэсэн итгэл хэр байсан бэ?
-Мэдээж тийм итгэл яаж байх вэ. Чухам энэ шаардлагын улмаас дэлхийн сонгодог бүтээлүүдийг морин хуурт зориулан хөрвүүлэх ажлыг бид хийсэн. Энэ үед манай улс Японтой харилцаа нэлээд өргөжиж, Япон руу гарч тоглох гарц нээгдсэн учраас бид энэ улсын хөгжмийн бүтээлүүдийг тоглох болсон. Энэ маягаар дэлхийн олон орны бүтээлийг урын сандаа оруулж ирлээ. Хүн чинь улам л ахидаг, шунадаг хойно нэгэнт сонгодгийг тоглож болж байгаа хойно том хөгжмийн бүтээлийг ч хийнэ гээд зориглосон. Тэгээд “Кармен” балетын хөгжмийг Морин хуурын чуулгад зориулж бичээд. Энэ нь гадны бие даасан том тайзны бүтээлийг өөрийн болгосон гэсэн үг. Сургууль хийж байсан үеийг нь санаж байна. Удирдаач Баатаржав дохиж байсан юм. Тэр хэцүү хөгжмийг морин хуураар хөгжимдөнө гэдэг үнэхээр хэцүү. Тэгээд хуурчдын тоо хүрэхгүй Ардын дуу бүжгийн чуулгын хуурчдыг урьж “Кармен”-д оруулсан. Гэтэл сонгодог хөгжимд манай хүүхдүүд Ардын дуу бүжгийнхнээс хамаагүй илүү байсан. Тэгэхээр сонгодог тал руугаа Морин хуурын чуулга богинохон хугацаанд хамаагүй хурдан хөгжсөн. Одоо ч гэсэн бусад чуулгынхантай харьцуулахад гадны хөгжим, дэлхийн хөгжимд Морин хуурын чуулгынхан харьцуулах аргагүй өндөр түвшинд оччихсон. Харин ардын хөгжим, уртын дуу дагаж хөгжимдөх тал дээрээ тэднийг гүйцдэггүй.
-Тэгэхээр энд алдаа байна гэсэн үг үү?
-Алдаа гэхээсээ илүү дэлхий дээр хаа ч байхгүй өөрийн гэсэн онцлогтой чуулга л гэж хэлнэ дээ. ҮДБЭЧ-ын хөгжимчин, “Алтан ураг” эсвэл “Хөсөгтөн”-ий хуурч, Морин хуурын чуулгын хуурч аль аль нь морин хуур барьж байгаагаараа л адил болохоос тоглох арга барилаараа огт өөр. Морин хуурын чуулга олон нийтэд үндэсний уламжлалаа сэргээн мандуулах сэтгэлийн түлхүүр, түлхээсийг их өгсөн, олон үндэсний шинэ зүйлүүд ч дагаж гарч ирсэн. Нөгөө талаар дэлхийн хөгжмийг өөрийнх нь үндэсний язгуур хөгжмөөр тоглож сонгодог хөгжимтэй монголчуудыг их ойртуулсан. Монголын орчин цагийн болон уламжлалт хөгжмийг дэлхийн түвшинд тоглосон чуулга. НҮБ-ын тайзанд, Австрийн Бага алтан танхимд, ЮНЕСКО-гийн танхимд, Токиогийн “Эн Эйч Кей”-гийн танхимд, Америкийн алдарт Карнегийн тайзан дээр тоглочихсон чуулгыг дэлхийн гэж хэлэхээс өөр аргагүй шүү дээ. Тэнд хүссэн бүхэн санасан цагтаа очоод тоглочихдог ч юм биш. Дэлхийн түвшинд гурван зүйлийг харуулж чадсан. Нэгдүгээрт, монголчууд хөгжмийн салбарт уламжлалаа хэрхэн хадгалж чадсан бэ, хоёрт, уламжлал дээрээ бий болсон шинэ урлагаа хэрхэн бий болгож байна вэ, гуравдугаарт, 300-400 жилийн турш дэлхийн хөгжмийг хөтөлж байгаа сонгодог бүтээлээс монголчууд хэр зэрэг шингээж чадсан бэ гэдгийг Морин хуурын чуулга дэлхийд харуулсан гавьяатай. Үүгээр нь монголчууд бахархах ёстой.
-Бас танаар бахархах ёстой гэж бодож байна. Энэ чуулгын том эд эсийн хувьд.
-Би Морин хуурын чуулгын хүн биш. Гаднаас нь ажиглалт хийдэг хүн.
-Гаднаас нь харж байгаа хүнд ямар санаа төрдөг вэ, илүү сайхан болгохын тулд?
-Олон санаа байдаг. Юуны өмнө Монголын төр засаг миний яриад байгаа Морин хуурын чуулгын бүтээсэн зүйлийг хэр үнэлж байгаа вэ гэдэг асуудал. Оны шилдэг, “Гоо марал” энэ тэр гэсэн элдэв өргөмжлөл хангалттай олныг өгсөн. Гэхдээ олимпоос медаль авч байгаатай дүйхээр үйл явдал мөн үү, биш үү гэдгийг Монголын төр өнөө хүртэл бодоогүй. Өнгөрсөн жил НҮБ-д тоглоход Засгийн газар их дэмжлэг үзүүлсэн л дээ. Тэглээ гээд энэ хөгжимчдөд наалдсан зүйл юу билээ. Оюун санааны түвшинд, монгол хүний түвшинд энэ байр суурийг нь яаж үнэлж цэгнэж дүгнэх юм бэ гэдэг өнөөдөр өмнө тулсан асуудал.
-Яаж дүгнэх ёстой вэ, таныхаар?
-Зөвхөн баярын бичиг өгч болохгүй л дээ. Морин хуурын чуулгад 20 жил ажилласан, авгай хүүхэдтэйгээ айлын халаасны өрөөнд амьдарч байгаа хүн байна шүү дээ. Өнөө дэлхийд тоглосон нөхөр чинь. Морин хуурын чуулгын хөгжимчний цалингаар орон сууц авах ямар ч боломж байхгүй. Гурван хос костюмтай байх боломжгүй, юун хувийн машин. Тэгэхээр яаж дүгнэх вэ. Энгэр дээр нь төмөр зүүгээд л байх уу. Хэрэв эдний гавьяаг ядаж олимпоос хүрэл медаль авсны дайтай гэж үзэж байгаа бол яаж үнэлэх ёстой вэ.
-Гэхдээ урлагийнхныг амьдрал сайтай л гэж боддог шүү дээ?
-Нийтийн дуучид, эстрадынхан шиг ганц нэг газар уригдаад сая төгрөгөөр дуулчихдагтай адил боломж хөгжимчдөд байхгүй. Концерт тоглоно орлогыг нь Филармони авна, хариуд нь төрийн үйлчилгээний ажилтны тогтсон цалин л өгнө. Японд тоглолоо гэхэд ганц зуун доллар халаасанд нь хийж өгдөг байж магадгүй. Өөр юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр л 20 жилийн ой гэж байгаа бол эднийг арай том цонхоор хармаар байгаа юм.
-Үнэлгээнээс гадна тэр том цонхоор өөр юу харах ёстой вэ?
-Дэлхийн хөгжим Моцартыг, Монголын Жанцанноровыг, Шаравыг тоглочихлоо, ардын татлага ч хөгжимдлөө.Одоо цаашаа хаачих вэ гэдэг асуулт гарч ирдэг. Яг энэ байдлаараа явбал 40 жилийн ойгоо хүрэлгүй зогсоно. Тийм учраас Морин хуурын ордон ч юм уу орох оронтой, тоглодог тайзтай болгох хэрэгтэй. Энэ чуулгад зориулж бичдэг хөгжмийн зохиолчдыг бэлтгэх хэрэгтэй. Түүнээс одоо Жанцанноровоос шинийг хүлээгээд нэмэргүй. 20 жилээс цааш Жанцаннноров, Шарав хоёр хэдийчинээ олон бичнэ тэр хэрээр Морин хуурын чуулга доошоо орно. Энэ бол жам. 60 хүрч байгаа улсын тухайд яриад байна шүү дээ. Биднээс шинэ нээлт хүлээгээд хэрэггүй. Шинэ зүйлийг шинэ хүмүүсээс хүлээх хэрэгтэй. Тэр хүмүүсийг бодлоготойгоор бэлтгэх хэрэгтэй. Бас удирдаач бэлтгэх хэрэгтэй байна. Бүжиг дэглээч ч хэрэгтэй. Гадны хөгжмийн зохиолчдод чуулгаа танилцуулж хөгжим бичүүлэх хэрэгтэй.
-Шинэ зүйл хүлээх найдвар төрүүлэх залуус хэр олон байна?
-Мөнхболд, Алтангэрэл гээд залуус байна л даа. Гэхдээ ховор.
-Та яагаад Жанцанноров, Шарав гээд хоёрхон хүнийг л онцлоод байгаа юм бэ?
-Бидний үеийнхээс үлдсэн нь. Нацагдорж, Хангал, Чинзориг, Билигжаргал гээд нөхөд минь алга байна шүү дээ. Бид хоёрыг ноолоод ноолоод юм гарахгүй болчихлоо шүү дээ.
-Гэхдээ та 20 жилд нь зориулаад юм хийж байгаа биз дээ?
-Хийж л байна л даа. Хоёр ангитай том зохиол бичээд дуусч байна. Гэхдээ ойгоороо бол тоглож амжихгүй. Арваннэгдүгээр сард тоглох байх.
-Та багшилж байгаа юу?
-МУИС, СУИС-ийн докторантур, магистрантурт багшилдаг.
-Та хуур татдаг уу?
-Хөглөж ч чадахгүй.
-Тэгээд яагаад охиноо хуурч болгосон юм бэ?
-Батчулуун “дээрэмдээд” авчихсан юм. Манай Ууганаа уг нь тавдугаар анги хүртлээ орос сургуульд сурсан, гайгүй ч толгойтой сэргэлэн охин байсан юм. Тэгтэл нэг л өдөр Батчулуун багш “Мэргэжлийн эмэгтэй морин хуурчтай болно, чиний охиныг авлаа” л гэсэн. Тэгээд одоо охин, аав хоёрыг зэрэг “зараад” сууж байна шүү дээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН"