Тавхан өдөр мөнгөө төлчих!

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Тавхан өдөр мөнгөө төлчих!

Энэ наалтаар чинь есдүгээр сард л үнэгүй явуул гэсэн. Даварсан юмнууд зүгээр мөнгөө төлөөд яваа, харваас оюутан биш байж, 

-Эгчээ, сургуулиас шинэ наалт өгөөгүй, хуучин наалтаараа яв гэсэн ш дээ. Мөнгө байхгүй ээ, хоёрхон буудал явчихъя тэгэх үү? Энэ бол автобусанд тасалбар түгээгч,  оюутнуудын хооронд үүсэх “халуухан яриа”. Аль ч автобусанд замын турш үргэлжлэх дээрх бяцхан маргаан зорчигчдод халгаатай бас сонирхолтой. Маргаан ширүүсэх тохиолдолд бүр багахан боевик үзүүлбэр ч дэгдэж болохоор.

Монголын оюутан холбоо хичээл эхлэж, мөнгө хураах үедээ 113 мянган оюутны нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхийн виза картыг аравдугаар сарын 1 гэхэд бүрэн тарааж дуусна гэж амалсан. Гэвч өнөөдрийн байдлаар 90 орчим мянган азтай оюутан үнэгүй зорчих эрхээ аваад байна. Харин картыг нь тараагаагүй сургуулийн азгүйчүүд кондуктор эгчид чичлүүлж байгаа гэнэ. Яагаад эдгээр оюутнууд азгүйчүүдийн тоонд багтсаныг МОХ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргалаас тодруулахад “Виза картны 113 мянган наалтыг “Үнэт цаас” гэдэг төрийн өмчит компани, 60 орчим мянган шар картыг Голомт банк хэвлэж байгаа. Энэ долоо хоногтоо багтаад ямар ч байсан бүх оюутны карт, наалтыг хэвлэн тарааж дуусах байх. Тиймээс энэ хугацаанд  оюутнууд нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө төлж үйлчлүүлэх шаардлагатай болоод байна” гэв. Ямартай ч дээрх хоёр байгууллага манайдаа л хамгийн хурдан шуурхай ажиллагаатай нь. Голомт банк өдөрт нэг мянган хувь виза карт хэвлэж байсан ч товлосон хугацаа хэтэрсэн тул өдөрт хэвлэх картынхаа тоог 200-аар нэмэгдсэн аж.
Оюутнууд “Тэртэй тэргүй карт нь хэвлэгдэж гарч амжихгүй байгаа юм чинь дахиад долоо хоног хуучин картаар явуулчихаж болдоггүй юм уу. Орлогогүй оюутнууд маань хохирч байна, нийтийн тээврээр үнэгүй зорчих хугацааг нь карт бүрэн хэвлэгдэх хүртэл  сунгуулъя гэх бодол хөөцөлдөх ёстой субъектуудын зүүдэнд нь ч ороогүй байх даа” гэж гомдоллож байна.

Оюутнуудыг автобусанд суухад кондукторууд зөвхөн виза картаас гадна оюутны үнэмлэхийг давхар шалгадаг. Хэрэв оюутны картаа мартсан, гээсэн, номын сандаа барьцаалсан бол мөнгөө төлөх ёстой. Гэтэл угтаа бол тасалбар түгээгчид оюутан бүрийг биш, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд л оюутны үнэмлэхийг нь шалгах ёстой юм байна.

Өнгөрсөн жилүүдэд виза картыг хоёр жилээр сунгадаг байснаас нь сургуулиа төгссөн “оюутнууд” ч автобусанд үнэгүй явчихдаг байсан учир энэ хичээлийн жилээс виза картыг нэг жилээр хугацаатайгаар хэвлэж байгаа юм байна.

За, ямартаа ч  үнэгүй зорчих эрхээ авч амжаагүй оюутнуудад виза карт хэвлэгдэж дуусах хүртэл буюу таван хоног хоолны мөнгөнөөсөө хасч тасалбарын мөнгийг төлөх, эртхэн гэрээсээ гарч алхах, кондуктор “аниа”-гаар загнуулж хэдэн буудал тас гүрийх сонголтууд байгааг сануулъя.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж