Сэргээш хэрэглэсэн бөхчүүдээ зарлая

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдээ зарлая

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн долдугаар зүйлийн 4.2-т зааснаар спортын талбар дахь шударга өрсөлдөөнийг хэрэгжүүлэх зорилгоор улсын баяр наадамд таваас дээш давж, шөвгөрсөн бөхчүүдийг 2003 оноос эхлэн сэргээшийн шинжилгээнд хамруулдаг болсон билээ. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалт оруулсан юм. Наадамд шөвгөрсөн бөхөөс анх сэргээшийн шинжилгээ авч эхэлсэн цагаас хариу нь үргэлж “но”-той гарсаар ирсэн. Тэгвэл энэ жилийн наадмаар ч мөн л урьдын адил хоёр бөхөөс сэргээш илрэв. “А” сорьцоос нь сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэх хоёр бөх үүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй учраас БНСУ-ыг зорьж “Б” сорьцоо шинжлүүлэхээр явсан тухай Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлж байснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Дахин шинжилгээний хариу ирснээс хойш 14 хоногт багтаан бөхчүүдийн нэрийг олон нийтэд зарлах журам бий. Гэтэл хуулийн хугацаа нь өнгөрөөд бараг 10 хонолоо. Холбогдох газрынхан “Хугацаа нь болоогүй, эсвэл би мэдэхгүй” гэсэн шалтгаанаар сэргээш хэрэглэсэн гэх хоёр бөхийн нэрийг зарлах янз алга. Нэг хэсэг энэ асуудлаар шуугиж байсан ч нам жим болж бараг мартагдах шахаж байна. Бүр сүүлдээ “Б” сорьцоо шинжлүүлэхээр Өмнөд Солонгосыг зорьсон гэх хоёр бөх үнэхээр явсан болов уу гэх хардлагыг ч төрүүлэх болов. Хэзээ явсан, хэдийд эргэж ирж байгаа нь мэдэгдэхгүй болохоор хүмүүсийн хардлага улам л ихэсч байх шиг. Одоо сэргээш хэрэглэсэн бөхчүүдийнхээ нэрийг зарлавал яасан юм бэ. Хуульд заасан хугацаа нь хэдийнэ өнгөрчихөөд байна.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж