Тимошенко Януковичийн дэглэмийг унагаахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Тимошенко Януковичийн дэглэмийг унагаахыг уриалав

Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенко улс орныхоо иргэдэд хандан ирэх сонгуулиар Януковичийн “гэмт хэргийн бүлэг”-ийг унагаахыг уриалав. Эрх баригчид түүний шоронд байгаа өдөр бүрийг “там” болгож байна гэж сөрөг хүчний лидер мэдэгдэв. 

"Украиныг гэмт хэрэгтнүүд захирч байна"

Гар утсаар хийсэн хоёр минутын видеод нүүрээ тагласан хүмүүсээр хүрээлүүлсэн Юлия Тимошенко эмнэлгийн нэгэн өрөөнд сууж байгаагаар гарав. Тэнд байсан хүмүүсийн нэг нь бичлэг хийхэд саад хийхээр оролдож байлаа. “Өдөр бүр энд сэтгэл зүй, биеийн хүчний дарамт үзүүлж, амьдралыг “там” болгон хувиргаж байна. Энэ бол Януковичийн шууд төлөвлөгөө” гэж тэрээр ярьжээ.

Экс-ерөнхий сайд ирэх парламентын сонгуулиар “босч” “гэмт хэрэгтнүүдийн бүлэг”-ийг унагахыг уриалав. “Хэрэв та нар одоо л Украиныг гэмт хэрэгтнүүд, мафи удирдаж буйг ойлгохгүй бол дараа нь та нарыг өнөөдрийн Януковичийн удирдлагаар улс оронд болж буй явдлаас хэн ч хамгаалж чадахгүй” хэмээн тэрээр Украины ард түмэнд хандсан байна.

Тимошенко сэтгэлийн дарамтад байна

Шоронд хоригдож байсан Юлия Тимошенко  өөрөө нурууны үеийн мөгөөрсийн ивэрхийгээр өвчилж, Харьков хотын төв эмнэлэгт курс эмчилгээ хийлгэж байгаа. Түүнд Оростой байгалийн хийн гэрээ хийхдээ албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хэргээр долоон жилийн хорих ял оноож, Харьковын ойролцоох колонид ялаа эдэлж байгаа юм.

Аравдугаар сарын 15-нд Юлия Тимошенко “Эрчим хүчний нэгдсэн систем” корпорацийн хэргээр шүүх хуралд оролцох ёстой. Гэхдээ түүнийг эмчилж байгаа Берлиний "Шарите" эмнэлгийн мэдрэлийн эмч Луц Хармс (Lutz Harms) Тимошенко шүүх хуралд очиж чадах эсэхэд эргэлзэж байна. Хармсын хэлснээр экс-ерөнхий сайд одоо сэтгэл, санааны дарамтад орсон байгаа гэнэ. Эмч түүний биеийн байдал сайжирна гэж яг хэлж чадахгүй эргэлзэж байгаа ч өөдрөгөөр төсөөлж бие нь сайжрах байх гэж найдаж байгаа гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж