Статистик мэдээллээс харахад ажилгүйдэл хамгийн өндөртэй улсаар 25 хувиар Испани орсон бол 15.9 хувьтайгаар Португаль, 15 хувьтайгаар Ирланд зэрэг орнууд удаалж байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын холбооноос ажилгүйдлийн төвшин өндөр байгаатай холбоотой мэдээлэл хийж “Жинхэнэ нийгмийн түгшүүр, хямрал тулгарч байна” хэмээн сануулсан юм. Өнөөдөр олон сая хүн ажилгүй гэртээ сууж байгаа бөгөөд тэр хэрээрээ орлогогүй болцгоож , ядуурал нэмэгдсээр байна.
Ажилгүйчүүдийн дийлэнх хувийг залуус байгаа бөгөөд нийт евро бүсийн орнуудын ажилгүй иргэдийн 52 хувь нь 25-аас доош насныхан гэсэн мэдээлэл байна. Тэдгээрийн хамгийн их буюу 22.8 хувь нь Испанийн залуус. Үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн холбооныхон улс орны Засгийн газар болон бизнесийнхэнд хандан “Залуус ажилгүй байна гэдэг жинхэнэ сүйрэл, бид залуу үеэ алдаж байна. Энэ аюулаас зайлсхийх аргыг олох хэрэгтэй” гэж сануулсан билээ.
Харин Грект өнгөрсөн зургадугаар сараас эхлэн ажилгүйдлийн тоо нэмэгдэж эхэлсэн бөгөөд нийт залуусын 50 орчим хувь нь мөн ажлын байргүй байгаа юм.
Европын үйлдвэржилт уналтад оров
Энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Европын хоёр том тоглогч улс ийнхүү эдийн засгийн хүндхэн нөхцөлд ороход хүрээд байгаа. Үүний шалтгаан нь зөвхөн ажилгүйдэл бус үйлдвэржилт ч томоохон нөлөөлөх хүчин зүйл болоод буй.
Евро бүсийн орнууд эдийн засгаа сэргээх гол түлхүүр нь ажлын байр нэмэгдүүлэх хэмээн үзэж буй. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд эдийн засгийн үзүүлэлт Испани, Итали, Франц улсуудын хоорон дахь харьцуулалтаар 0.2 хувьтай байсан. Энэ нь эдийн засгийн өсөлт гараагүй гэсэн үг юм.
Харин Герман улсын эдийн засгийн байдал мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн бөгөөд энэ нь оны хоёрдугаар хагасааас 0.3 хувь өссөн гэсэн таатай мэдээ байлаа.
Нийтдээ Европын холбоонд 27 улсын 49 мянгаас 25.5 сая хүн тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа гэсэн тооцоо судалгааг гаргасан байна. Үүнийг хувьчилж тооцвол 11.4 хувиар ажилгүйдэл нэмэгдсэн гэсэн үг юм. Оны эхний үетэй харьцуулж авч үзвэл ажилгүйдэл 20 орчим оронд нэмэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон Европын холбооны хуралдаанаар эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлын тухай голчлон авч хэлэлцсэн. Өндөр хэрэглээтэй, хэр баргийн зүйлд толгой өвддөггүй европчууд өдгөө санхүүгийн асуудлаас болж стресст орох болжээ. Хүмүүс ихэвчлэн амьдрал хүрэлцээгүй байгаа талаар ярих болсон байна.
Иргэдийн дунд явуулсан судалгаараар санхүүгийн асуудал хүндэрч дээд цэгтээ хүрснийг тогтоосон байна. Жилийн сүүлийн хагаст байдал хамгийн хүнд үе дээрээ ирнэ гэдгийг ч мөн судалгаагаар гарсан аж.
Одоогоор гэртээ ямар ч орлогогүй суугаа иргэдийн тоо олширч амьжиргааных нь төвшин буурахад хүрээд байна. Ажилгүйдлээс үүдэлтэй амьжиргааны хүндрэл хүүхдүүдэд мөн хамгийн их нөлөөлж байгаа аж. Испанид таваас дээш ам бүлтэй айл тутмын нэг гишүүн ядуурлын эрсдэлд орж байгааг анхааруулжээ.
Испанийн дараа Португаль, Ирланд, Грек, Итали зэрэг улсуудад мөн ийм байдал үүсээд байгаа аж.