Германы Холбооны тагнуулын алба (BND) Афганистаны байдлыг Засгийн газраасаа илүүтэйгээр сөргөөр дүгнэв. Афганы хүчнийхний зүгээс НАТО-гийн цэргийн албан хаагчдад халдах хандлага өснө гэж немцийн тусгай алба дүгнэсэн байна.
Германы тусгай албаны шинжээчдын дүгнэлтээр Афганы байдал эрсдэлтэй байгаа учраас 2014 онд олон улсын хүчин ISAF-ийг тус орноос албан ёсоор гаргасны дараа тэнд гадаадын цэргийн 35 мянга хүртэл хүнийг үлдээх нь зөв гэж тэд зөвлөжээ. Нэн тэргүүнд Афганы армийн анги нэгтгэлийг довтолгооноос хамгаалахад туслах сургагчдыг, терроризмтай тэмцэх тусгай ангийнхныг үлдээх ёстой гэж тагнуулчид нууц илтгэлдээ бичсэн байна.
Афганы байдлын төлвийг 2014 он хүртэл гаргасан нууц илтгэлийг бичигчид ерөнхийлөгч Хамид Карзайг зөвхөн өөрийн засаглалаа бэхжүүлэхэд чармайдаг, авлигатай тэмцэх болон чухал шинэчлэлүүдийг хийхэд хичээл зүтгэл гаргадаггүй хэмээн шүүмжилсэн байна.
BND мэдээлснээр, Карзай өөрийн том ах Абдул Каюмыг 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэж байгаа ба үүгээр төрийн тэргүүн гэр бүлийнхээ сонирхлыг хамгаалж мөн засаг барин үлдэх эрмэлзлээ гаргаж байна хэмээн тагнуулчид илтгэжээ. Авлига, хамаатан садны холбоо байгаа нь ирээдүйд Афганы хөгжилд саад болно гэж нууц илтгэлд бичсэн байна.
Дашрамд өгүүлэхэд, террорын эсрэг ажиллагааг Афганистанд явуулсан 11 жилийн хугацаанд амь үрэгдсэн америк цэргийн тоо 2000 хүрчээ. Есдүгээр сарын 30-нд тус орны Вардак мужид Афганы аюулгүйн албаны ажилтанд буудуулан амь үрэгдсэн америк цэрэг 2000 дахь хүн боллоо гэж АР агентлаг дамжуулсан байна. Түүний урд өдөр Сайедабад хотын ойролцоо террористуудын хийсэн довтолгооны үеэр хоёр америк цэрэг амиа алджээ.
Өөр эх сурвалжийн мэдээгээр Афганд амь үрэгдсэн америк цэргийн тоо 2125 хүн, британи цэргийн тоо 433 хүн болсон ба бусад орнуудын амь үрэгдсэн цэргийнхний тоо 633 болсон байна.