Зүүн Хятадын тэнгист байрлах Диаоюү арлын маргааныг Хятадын дэд ерөнхийлөгч Си Зинпинь “инээдмийн жүжиг” гэж тодорхойлжээ. Түүний хэлсэн энэ үг өнгөрсөн өдрүүдэд Хятадад өрнөсөн Японыг эсэргүүцэх хөдөлгөөнийг улам дэвэргэсэн юм. Түүхийн ихэнх хэсэгт нь Японы эзэн хаадын мэдэлд байсан энэ арлыг тогтоол шийдвэргүйгээр Хятадын талд байсан гэж хятадууд баталдаг. Гэсэн хэдий ч ихэнх баримтууд Японы талд бий. Гэхдээ 1970 оны Япон-Хятадын хооронд энхийн хэлэлцээрээр энэ арлыг хоёр хуваан эзэмшихээр тохиролцсон байна. Энэ хэлэлцээрээр жижиг арлын хувь заяаг нааштайгаар шийдэж чадсангүй. 2010 онд загас агнуурын зорилгоор зорчиж байсан Хятадын хэсэг иргэдийг Японы эргийн хамгаалалтынхан илрүүлж тухайн үедээ маргаан дэгдээж, Хятад-Японы хооронд сэв суусан билээ.
“Хятад улсын талд бүх зүйл байна. Түүх, судар, бичиг баримт өөр олон зүйлийг хэлж болно. Үүнд Японы тал уурлаад, эгдүүцээд байх ямар ч шаардлага байхгүй” гэж БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ши Зинпинь өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Лион Панеттатай уулзах үеэрээ ярьжээ.
Судлаачдын хэлж буйгаар Хятадын шинэ удирдагчийн хамгийн гол бодлого нь маргаантай газар нутгийн асуудал байх болно гэж үзэж байна. Байгалийн баялаг, газар нутгийн ач холбогдлоороо ч Хятадын эдийн засагт нааштайгаар нөлөөлөх энэ хэсэг арал Хятадын хамгийн том шүдний өвчин болоод байгаа юм. Азийн томоохон эдийн засаг гэгддэг энэ хоёр улсын харилцааг сэвтээгээд байгаа маргааныг намжмал байдалд оруулж чадах эсэх нь шинэ даргийн мэргэн ухааныг шалгах нь гарцаагүй.
“Энэ бол маш ээдрээтэй, хэцүү асуудал. Нэг л хариуцлагагүй мэдэгдэл маргааныг улам хурцдуулж ч болох юм” гэж Нью Саут Велсийн их сургуулийн профессор Алан Дюпонт ярьжээ.
Япон улсын эргийн хамгаалалтын газраас өчигдөр нэмж 10 хөлөг онгоц, Хятадын эргийн хамгаалалтын газраас мөн тооны онгоцыг маргаантай бүс нутагт байрлуулсан байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Хятадын дээд болон дунд шатанд үндсэрхэг үзэл газар авч байгаагаас зүүн Хятадын тэнгист багахан хэмжээний тулаан өрнөх магадлал өндөр байгаа аж. “Хятад улс хууль зүйн талаасаа ч, баримт, бичиг, түүх шастирын талаасаа ч арлыг өөрийн мэдэлд байна гэдэгт гүнээ итгэдэг. Дээрээс нь төрийн дээд шатанд ч үндсэрхэг үзэл халдварлаж эхэлсэн нь үнэхээр аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна” гэж Азийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Марк Валенсиа ярьжээ.
Хятад-Япон улсын хооронд дэгдсэн газар нутгийн маргаанаас болж олон жилийн турш намжмал байсан өмнөд Хятадын тэнгисийн бүлэг арлын маргаан дахин дэгдэж эхэллээ.
ХЯТАДЫН МАРГААНЫ ДАРААГИЙН БАЙ
Хятадын хувьд зүүн Хятадын тэнгист өрнөсөн газар нутгийн маргаан цорын ганц асуудал биш. Өмнөд Хятадын тэнгист байрлах дөрвөн хэсэг газар нутаг хилийн зааг дээр байдаг. Гэхдээ энэ нь Диаоюү арлаас газар нутгийн хэмжээ, маргаантай байдаг улсын тоо зэргээрээ харьцангуй том. Вьетнам, Хятад, Филипин, Малайз, Бруней, Тайланд зэрэг зургаан улсын дунд оршдог энэ бүлэг арал эртнээс эдгээр улсуудын харилцааг хурцатгаж иржээ.
2011 онд Вьетнам улсын “Петро Вьетнам” уул уурхайн компани энэ арлын хэсэгт газрын тосны олборлолт хийж, тэнгисийн гүнд ч өрөмдлөг хийсэн нь Хятадын дургүйцлийг ихээхэн хүргэж, хятадууд тэдний татсан кабель, өрөмдлөгийн машин зэргийг эвдэлсэн юм. Хэдхэн сарын өмнө Филипин улс ч гэсэн татсан кабелийг нь тасалж, худалдааны зориулалттай хэд, хэдэн хөлөг онгоцыг өмнөд Хятадын тэнгист байрлуулжээ. “Энэ бол Диаоюү арлаас ч аюултай байж болох маргаан. Жилийн өмнө уул уурхайн компани хайгуул хийснээс болж дэгдсэн энэ асуудал түр зур намжиж байгаад сая сэргэлээ. Хятадын ард иргэд аль хэдийнэ энэ маргааныг сөхөж жагсч эхэлчихсэн” гэж Нью Саут Велсийн их сургуулийн профессор Алан Дюпонт ярьжээ.
Өмнөд болон зүүн Хятадын тэнгист өрнөж байгаа газар нутгийн энэ маргаанаас болж зүүн өмнөд Азийн хөрөнгийн зах зээл ганхах магадлал ажиглагдаж байна. Гонконгын хөрөнгийн зах зээл дээр Японы хэд хэдэн компанийн хувьцаа огцом унасан үзүүлэлттэй байгаа аж.
ҮНДЭСТНИЙ ДАВЛАГАА
Өнгөрөгч есдүгээр сарын 11-ний өдөр Шензен, Шенян, Ханжоу, Харбин, Шиндао, Гуанжоу хотод өрнөсөн эсэргүүцэгчдийн жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдалд хүрч тэнд амьдарч байсан Япон улсын иргэдийг зодож, томоохон брендийн албан ёсны дэлгүүрүүдийг эвдэлж сүйдлэх хэмжээнд хүрсэн. 1996, 2005, 2010 онд Диаоюү арлын ойр орчимд загасчилж байсан Японы хэд, хэдэн загасчдыг Хятадын талын үл танигдах хүмүүс зодсон тухай мэдээлэл тархаад байхад, 2010 онд Хятадын загасчдыг Японы талынхан зодож, хөлөг онгоцыг нь дээрэмдсэн тухай мэдээлэл ч цацагдаад байсан билээ. Чухамдаа энэхүү мэдээлэл нь хоёр улсын ард иргэдийг эсэргүүцэн жагсахад хүргэж, бүр эвлэлдэн нэгдсэн холбоод ч ар араасаа байгуулагдсан юм. Мөн Япон улсын Токио хотын захирагч Шинтарогийн интернетэд нээлттэй тавьсан газар барьцаалах тухай мэдээлэл ч Хятадын ард иргэдийг уурлуулаад амжжээ.
Япон улсад харин хөдөлгөөнүүд бага, Токио, Фукуока хотод хэд, хэдэн удаа жагсаал болжээ. Хятад улсыг бодвол харьцангуй намжмал байдалтай өрнөсөн энэхүү жагсаалаас мэдэгдэл гаргаж Япон улсын Засгийн газарт хүргэсэн юм. Мөн Осака, Хоккайдо мужуудад ухуулах хуудсыг олноор нь наасан тохиолдол ч гарсан байна.
Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас болж Бруней, Малайз улсад эсэргүүцлийн хэд, хэдэн хөдөлгөөн өрнөсөн ч мэдээлэл тун хомс байгаа аж. Харин Тайвань асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаж байгаа бөгөөд одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.
ЭДИЙН ЗАСГИЙН СОНИРХОЛ
Маргаантай байгаа энэ бүх арлууд байгалийн баялгийн нөөц арвинтай гэдэг нь асуудлын гол цөм нь юм. Энэ ч утгаараа 1969 онд НҮБ-аас газар нутгийн байрлалаасаа болж маргаантай байгаа бүс нутгуудыг зарлахад Тайвань, Япон хамгийн эрсдэлтэй бүс нутгийн тоонд оржээ.
Өмнөд Хятадын тэнгист оршдог зургаан улсын дунд байрлах дөрвөн хэсэг арал нь газрын тосны арвин их нөөцтэйд тооцогддог. 2011 онд хийсэн судалгаагаар 213 сая баррель газрын тосны нөөц бий гэсэн дүн гарчээ. Энэ нь Саудын Араб улсын газрын тосны нөөцтэй эн тэнцэхүйц хэмжээний үзүүлэлт юм. Мөн арлын эргэн тойрны 200 милийн радиуст загасны арвин нөөцтэйг ч олж тогтоосон байна. Харин Япон Хятадын дунд маргаан дэгдээгээд байгаа зүүн Хятадын тэнгист байрлах бүлэг арал асар их эрдэс баялагтай. Одоогийн байдлаар зэс, алтны нөөц байгааг илрүүлсэн байна. Гэхдээ нарийн тоог одоо хүртэл гаргаагүй байгаа аж.
Ямар ч байсан НҮБ маргаантай байгаа бүлэг арлуудын тухай мэдээллийг нарийн нягталж байгаа бөгөөд эдгээр улсуудад энхийн хэлэлцээр байгуулах тухай зөвлөмжийн эхний хувилбарыг боловсруулжээ. Мөн АНУ зүүн Хятадын тэнгист байрлах бүлэг арлын асуудлыг анхааралдаа авсан бөгөөд хоёр талын албаны хүмүүстэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Гэхдээ Япон, Хятад, болоод маргаантай байгаа бусад улсууд энэ асуудалд хөндлөнгөөс АНУ оролцохыг эрс эсэргүүцэж байгаа гэдгийг мартаж болохгүй.