Тамхинд хяналт тогтооно

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Тамхинд хяналт тогтооно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ гадаадад томилолттой байгаа тул гишүүн С.Ганбаатар хуралдааныг даргалсан юм.

Хуралдаанд оролцсон Эрүүл мэндийн сайд Н.Удвалын танилцуулснаар тамхинаас болж зүрх судас, хавдрын өвчлөл нэмэгдэж, түүнээс болж нас барагсдын тоо ч өсөх хандлагатай байгаа ажээ. Хүний эрүүл мэнд, эдийн засагт асар их халгаатай тамхины хэрэглээг хязгаарлах зорилгоор Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцүүлэхээр болсон байна.

Монголд “Монгол тамхи Со”, “Монгол тамхи интернэйшнл”, “Мичид трейд”, “Энхжаргалан” зэрэг найман компани тамхи үйлдвэрлэдэг, түүхий эдээ гаднаас авдаг бөгөөд жилд зургаан тэрбум 680 мянган блок тамхи үйлдвэрлэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ. Гишүүн А.Бакей тамхины галаас болж үүссэн хээрийн түймрийн улмаас хүний амь нас, мал сүрэг үрэгддэг. Байгаль орчин, ой модонд их хэмжээний хохирол учирдаг. Тиймээс энэ талаар хуулийн төсөлд тусгаж өгөх хэрэгтэй байна гэсэн юм.

Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж