Н.Золжаргал инфляцийг барьж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Н.Золжаргал инфляцийг барьж чадах уу?

Төв банк ирэх 2013 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсвөө өнгөрөгч бямба гаригт буюу хуульд заасан аравдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдэд мөнгөний бодлогын талаар танилцуулах зангиагүй уулзалт хийлээ. Монголбанкны ерөнхийлөгчөөр сонгогдоод арав гаруй хонож байгаа Н.Золжаргал болон түүний багийнхны өргөн барьж буй мөнгөний бодлого  олны анхаарлыг татаж буй. Тэр тусмаа өнөөдөр 15,6 хувьд хүрээд байгаа инфляцийг ирэх жилийн төгсгөлд найман хувь хүргэнэ гэдэг нь. Үе үеийн Засгийн газар инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ гэсэн үр дүнд хүрээгүй амлалтуудаас хаширсан олон нийтийн хувьд бас л нэг мөрөөдлийн тоо хэмээн сонсогдохоор болсон байгаа учраас Н.Золжаргалын энэ амлалт цочир сонин мэдэгдэл мэт буухаас өөр аргагүй болоод байгаа. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчдийг цуглуулан, эдийн засгийн энгийн ойлголтуудаас эхлээд мөрөөдөл мэт сонсогдохоор байгаа зорилгынхоо талаар тайлбарлав.

УИХ-аар төсөв болон мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа энэ үед Монголбанкны шинэ ерөнхийлөгчийн уулзалт анхаарал татах сэдэв болохоор хэвлэл мэдээллийнхэн ч олноороо цугласан байсан. Харин Н.Золжаргал энгийн, чөлөөтэй зангиагүй яриа өрнүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэн эхний танилцуулгад л телевизийн бичлэг хийлгэн, харин сэтгүүлчидтэй чөлөөтэй ярилцав. Хэдийгээр ноён ерөнхийлөгч зангиагаа тайлаагүй ч яриа нь бол эдийн засагч, санхүүч гэхээр баахан тоогоор бүрхсэн энгийн хүмүүсийн тэр бүр ойлгоход бэрх байдаг шиг бус энгийн чөлөөтэй болов. Бас ч гэж энд тэнд чамгүй лекц уншиж байсныхаа хувьд оролцогчдын сонирхлыг татам энгийн яриа өрнүүлэн, “Энэ графикийг л тогтоогоод аваарай. Энэ бол хамгийн гол ойлголт нь” гэх мэтчилэн анхааруулга өгөхөө мартсангүй. Түүний өөрийнх нь хэлснээр бол мөнгөний бодлогын үндсэн чиглэлд “…банкны системийг иргэдэд жигд хүртээмжтэй болгох…” гэх мэтчилэн жирийн л нэг лозунгийн гэмээр үгнүүд байгаа, гэхдээ эдгээрийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хөтөлбөр, ажилбар, ажлуудыг нарийвчлан тусгасан гэж тайлбарлалаа. Үүнийгээ ч бас Засгийн газрын хэмжээнд ярьж тайлбарлаж ойлголцож байгаа гэлээ. Инфляцийг өдөөгч хүчин зүйлүүдийг бууруулахын тулд тодорхой хөтөлбөрүүдийг бэлтгэсэн. Тухайбал, инфляцийг үе үе түймэрдэж, өнгөрсөн хавар л гэхэд Монгол банкны ерөнхийлөгч огцруулах асуудлыг дэгдээж байсан шатахуун нийлүүлэлтийн талаар бөөний болон жижиглэнгийн нийлүүлэлтийн бодлогыг тусгаарлах. Бөөний буюу Оюутолгой гэх мэт томоохон хэрэглэгчдийн үнийн асуудалд төр огт оролцохгүй зөвхөн л татварын бодлогоо баримтлах, харин жирийн иргэдийн хувьд хамгийн их нөлөөлөл үзүүлдэг жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгахын тулд тусгай хөтөлбөр боловсруулсан байгаа гэлээ. Энэ мэтчилэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл хэмээх 92 хуудас бүхий танилцуулга бэлтгээд байгаа аж. Басхүү ханш хэмээх ойлголтын талаар валютын ханш чанга, сул байх нь зорилго, хөдөлгөгч хүчин биш хамгийн гол нь бодит өрсөлдөх чадвар чухал гэж тодотголоо.    

Монголбанкнаас инфляцийг барихын тулд бодлогын хүүгээ чангатгах гэх мэтчилэн арга хэмжээ авдаг. Гэтэл нөгөө талаасаа Засгийн газар хэт хавтгайрсан халамжийн бодлого явуулдаг. Нөгөө талаасаа УИХ Монголбанк, Засгийн газар бие биеэ үгүйсгэн хоёр тийш хараад суучихдаг. Харин дараа нь Засгийн газрын бодлого зөрснөөс мөнгөний бодлогоо татаад унагачихлаа гэж гомдоллодог. Хэвлэлүүд ч Төв банк, Засгийн газар хоёрын эсрэг талын тэмцэлдэгчид аашилдаг хэмээн шүүмжилдэг. Харин энэ удаад инфляцийг найман хувьд хүргэнэ гэсэн гоё зорилтоо биелүүлэхийн тулд Засгийн газартай гар нийлэн ажиллаж амжилтад хүрэх хэр найдлага боломж байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Болгоомжлол бол хаана ч хэзээ ч байдаг. Улсын төсөв эдийн засгийн 50 хувийг бүрдүүлж байгаа Монгол Улсын хувьд Засгийн газар аюултай доргилт үзүүлж чадна. Тухалбал 70 мянган төгрөг тарааснаар ямар доргилт үзүүлснийг та бид мэдэж байгаа. Айдас бол байлгүй яахав. Гэхдээ сүүлийн 10-аад хоногийн хугацаанд бид Засгийн газрынхантай 20 гаруй уулзалт хийлээ. Нийлүүлэлт талаасаа Засгийн газрын зүгээс хийх зүйл хийх их байгаа. Бид тооцоо судалгаагаа гаргаж, бодлогоо тодорхойлдог бол үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын үүрэг чухал. Итгэл үнэмшил бол байгаа. Засгийн газар Монгол банк хоорондоо чулуу шидэлцээд суудаг гэсэн шүүмжлэл байдаг.  Аль болохоор тэгэхгүй л байх ёстой” гэж хариуллаа. Харин улстөрчдийн нөлөөлөл болон хараат, хараат бус байдлын огтхон ч санаа зовж, ширвээтэх зүйл үгүй байгаа бололтой. Мэдээж хэрэг инфляцийг өдөөж байгаа хүчин зүйл үй түмээрээ, дээрээс нь олон жилийн турш яригдаж амжилтад хүрч байгаа нь харагдаагүй болохоор “Үнэхээр энэ бүхнийг шийдээд инфляцийг найман хувьд барьж чадах уу” гэсэн эргэлзээтэй асуудалд “Чадалгүй яах юм бэ? Чадахгүй бол ажил хийж байна гэж суухын хэрэг юун” гэж хариулна лээ.  

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж