Нийслэлд бүрэн бус зөвшөөрөлтэй 168 барилга байна

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Нийслэлд бүрэн бус зөвшөөрөлтэй 168 барилга байна

Сүүлийн үед нийслэл хотод барилгын салбарын аюулгүй ажиллагааны байдал алдагдаж, зөвшөөрөлгүй барилга олширсноос хүний амь нас эрсдэх тохиолдол байн байн гарах болсон. Энэ байдлаас гарч, барилгын салбарын аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-ын даргын захирамжаар Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийг гишүүн Ж.Батзандангаар ахлуулан байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан хийлээ.

Өргөтгөсөн хуралдаанд УИХ-ын ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Ж.Батсуурь, С.Ганбаатар, О.Баасанхүү, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Мэргэжлийн хяналтын байгууллага, Барилгачдын холбоо, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Барилгын ассиоциаци, Ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийн мэдээлснээр УИХ-аас есдүгээр сарын 18-нд ажлын хэсэг гаргаснаас хойш нийслэлийн ИТХ-аас  тодорхой арга хэмжээ авч, одоогийн байдлаар 80 барилга зөвшөөрөлгүй гэсэн ангилалд ороод байгаа юм байна. Гэвч явцын дунд шалгахад тэдгээрээс дөрөв нь зөвшөөрөлтэй байсан нь тогтоогджээ. Наймдугаар сарын 1-нд Нийслэлийн ИТХ-аас тогтоол гаргахаас өмнө зөвшөөрөл авсан гэдгийг тогтоосон гэж Н.Гантөмөр дарга хэллээ. Дээрх  80 барилгаас 31 барилгын эскиз, зураг төсөл гүйцэтгэгдсэн бол зөвшөөрөл дутуу 43 барилга байгааг онцолж байв. Газрын эрхийн зөвшөөрөл огт аваагүй ганц барилга байгаа нь “Авзага трейд” компанийн мэдлийнх гэнэ. Түүний газрыг албадан чөлөөлөхөөр болжээ. Мөн иргэн н.Тэмүүлэнбаатар, н.Эрдэнэчимэг  нар 280 метр квадрат талбайд барилга барина гэж зөвшөөрөл аваад талбайг нэг дахин нэмсэн нь илэрчээ.

Эдгээр асуудлыг цэгцлэхэд Нийслэлийн эрх зүйн хууль саад болдог аж. Бүр 2010 оны үед Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэхээр хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэлгүй өдийн хүргэснийг Н.Гантөмөр дарга ажлын хэсгийнхэнд хэллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын гүйцэтгэлмйн явцад хяналт тавьдаггүй. Нэг мөсөн гүйцэтгэлийн хяналт хийдэг нь барилгын чанарт сөргөөр нөлөөлж буйг хуралд оролцогчид хэлж байсан юм. Нарийвчилж тооцвол зөвшөөрөлгүй, чанаргүй 160 орчим барилга байгаа юм байна. Мэргэжлийн хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч, тус газрын дэд дарга Д.Гүнбазарын танилцуулснаар 594 барилгыг шалгалтад хамруулснаас 168 барилга ямар нэг байдлаар зөрчилтэй гэж гарчээ. Зөрчил гаргасан байгууллагуудад 131,7 сая төгрөгийн торгууль оноосон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар барилга буулгах зөвшөөрөлгүй гэдэг. Гэвч хуульд энэ талын эрх мэдэл байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлж байлаа. Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагийн танилцуулснаар энэ 2012 он гарсаар барилгын салбарт 34 удаа осол гарч, 17 хүний амь үрэгджээ.

Хуралд оролцогчид барилгын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, аюулгүй байдлыг дагаж мөрдөх, сургалт явуулж байх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэллээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж