Оддсоны Монгол ихрийн мөрөөдөл

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Оддсоны Монгол ихрийн мөрөөдөл

Исланд хэмээх Скандинавын хойгт орших 103,000 км2 нутагтай, 300,000 орчим хүн амтай, хүн амынх нь талаас илүү хувь нь нийслэл Рейкявикт төвлөрөн суурилсан жижигхэн орны Төв банкны Ерөнхийлөгчөөр улсынхаа Ерөнхий сайдаар 20 жил ажилласан Дэвид Оддсон ажиллаж байв. Намхан нуруутай ч, олон жил сайд хийсэн "мэргэшсэн хүнд сурталтан", гэсэн шалгуураар Төв банкаа толгойлох болзлыг ханган томилогдсоноосоо хойш, улсынхаа хамгийн том гурван банкийг хувьчилж, үндэсний мөнгөн тэмдэгтээ чөлөөтэй хөрвөдөг болголоо, бизнесийн алтан үеийг эхлүүллээ хэмээн сүр дуулиантай зарлаж, жижигхэн улсынхаа эдийн засгаар хийх туршилт хийж эхэлжээ.

Харамсалтай нь, Дэвид Оддсоны хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нэг нэгээрээ нуран унаж, эдийн засгийн хямралын анхны салхи сэвэлзсэн ганцхан долоо хоногийн дотор хувьчилсан гурван банк нь дараалан дампуурч, эдийн засаг нь 2009 онд 10% -иар унаж, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш 50-иас дээш хувиар унагаж, улсаа бүрэн дампуурлан ОУВС-д улсынхаа санхүүгийн удирдлагыг шилжүүлэн өгч "Тайм" сэтгүүлээс дэлхийн хямралыг өдөөсөн 25 буруутны нэгээр шалгаруулжээ.

Тэгвэл Монгол хэмээх Ази тивд орших 1,5 сая км2 нутагтай, 3 сая орчим хүнтэй, хүн амынх нь талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатартаа төвлөрөн суурыпсан жижигхэн орны Төв банкны Ерөнхийлөгчөөр Худалдааны техникум төгссөн Л. Пүрэвдорж ажилладаг ажээ.

Тэрээр намхан нуруутай ч, сэхүүн зантай, олон жил дарганцар хийсэн "мэргэшсэн хүнд сурталтан", улс төрийг мэддэг байхад бусад зүйлийг мэдэх шаардлагагүй гэж үздэг, бусдыг сенсаци, айдсаар далайлган хүссэн шийдвэрээ тулган гаргуулдаг "дархан мэхтэй" гэсэн шалгуураар төв банкаа толгойлох болсон, Төрийн өмчийн хороог толгойлж байхдаа мөн л улсынхаа хамгийн том 2 банкийг гадаадынханд хувьчилснаараа "ичингүйрэн" бахархаж, хааяа нэг цочиж сэрдэг гэмтэй.

Ноён Л. Пүрэвдорж ихрийнхээ туршлагаар улсынхаа эдийн засгаар хийх "туршилтаа" нэн даруй эхлүүлэхээр яаравчлан, зөвлөхүүдийнхөө өгсөн цаасыг дутуухан орчуулан Засгийн газар, УИХ-руу ойрхон ойрхон гүйх болоод байгаа гэнэ.

Л. Пүрэвдорж ноён өөрийнхөө ихрийг олж тодруулаад "амжилт"-ыг нь ахиулах, "Тайм" сэтгүүлийн алдартнаар тодрох хувийн сонирхолтой байж болох ч, Монгол Улсын хувьд нэгэнт болохгүй, бүтэхгүй нь нотлогдаихсон Исландын туршилтад орж муугийн жишээ болон сургуулийн сурах бичгүүдэд орохыг хүсмээргүй л юм.

Харж л байхаас даа. "Монгол хүү" дэлхийн тавцанд гарах уу?
Харин Л.Пүрэвдорж сүүлийн хэдэн сарын хугацаанд хоёр банкаа дампууруулж, нууцхан аргаар хуульдаа нэмэлт оруулан, нууцлагдуу байдлаар "туршилтын" хөтөлбөрөө бичиж, Исландын Ерөнхий сайдын банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай зөвлөх Матс Жозефсон нарын 4 зөвлөхийг урьж ирүүлэн, долоо хоногийн турш УИХ, Засгийн газрын гишүүд болон Монголбанк, арилжааны банкуудын удирдлага, олон нийтэд лекц уншуулж, олон телевизийн ярилцлага нэвтрүүлгүүдэд оруулан банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх, арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн шалгуурыг өндөрсгөх замаар мөнгөний нийлүүлэлтийг хумих, арилжааны банкуудад Засгийн газраас хөрөнгө оруулалт хийж төрийн оролцоог бий болгон, дараа нь мөн л "гадаадын нэр хүнд, туршлага, санхүүгийн чадвар сайтай нэгэнд хаалттай хувьчлах" зайлшгүй шаардлагатай гэж итгүүлэх компанит ажлаа эхлүүлжээ.

Д.ХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж