Японы Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Японы Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийв

Япон Улсад аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Японы Гадаад хэргийн сайд К.Гэмбатай хэлэлцээ хийв.
Сайд Л.Болд Японы талд шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын зорилтуудыг танилцуулж, Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай Стратегийн түншлэлийн зарчмаар харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлов. Энэ бодлогын хүрээнд харилцааныхаа эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв. Гадаад хэргийн сайд нар хоёр талын хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)–ийн ач холбогдлыг үнэлж, хүүхэд залуучуудын солилцоог өргөжүүлэх болон НҮБ зэрэг олон улс, бүс нутгийн төвшний хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдэв. Хоёр тал яриа хэлэлцээний үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулж ажиллахаар тохиров.

Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Япон улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд Ю.Эдано, Батлан хамгаалахын сайд С.Моримото, Либерал Ардчилсан намын дарга Ш.Абэ, Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны Гүйцэтгэх захирал Х.Ватанабэ нартай уулзаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх агуулгын талаар ярилцав. Улмаар Л.Болд сайд “Bloomberg news”-д ярилцлага өглөө.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж