“Эрдэнэс ТТ” Баруун Цанхиас нүүрс олборлоно

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс ТТ” Баруун Цанхиас нүүрс олборлоно

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК Тавантолгойн ордын Баруун Цанхийн хэсэгт нүүрсний олборлолт хийхээр хөрс хуулалтаа эхэлжээ. Баруун цанхид олборлолт эхлүүлсэн нь Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийг цуцалж байгаа хэрэг биш гэж “Эрдэнэс Тавантолгой” компани олон нийтэд хандсан мэдэгдэлдээ онцолсон байна. Хөрөнгө оруулагчидтай үргэлжлүүлэн ярилцаж, тохиролцох боломжтой гэж итгэж байгаа хэмээн ЭТТ онцолжээ. Мөн компани ирэх жил олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход /IPO/ Баруун Цанхийн олборлолт үйл ажиллагаа нь жигдэрсэн гэдэг шаардлага хангаж, компанийн үнэлгээг өсгөхөд чухал ач холбогдолтой гэж үзсэн байна. Зүүн Цанхиас компани энэ онд 3-4 сая тонн нүүрс экспортод гаргах юм. Эрдэнэс Тавантолгой 2017 он гэхэд хоёр Цанхиас нийтдээ 40-50 сая тонн нүүрс олборлохоор зорьж байна. “Эрдэнэс Тавантолгой” ТӨК Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүлэхийн тулд Хятадын төрийн өмчит Чалко компаниас 250 сая ам.доллар зээлсэн ба 2011-2012 онд  нийт 418 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Баруун Цанхид олборлолт хийхийг “Эрдэнэс Тавантолгой”-н дотоод удирдлагууд шийджээ. Баруун Цанхид гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах эсэхийг компанийн гол хувьцаа эзэмшигч Засгийн газар шийдэх юм байна.

Б.ХАЛИУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж