Хойд хөршийг дэлхийн аваргын эрх авахад л “Лужникий” цэнгэлдэх тоглолт хүлээн авах нь ойлгомжтой байсан. Оросын урдаа барьдаг тус цэнгэлдэх 89 мянган хүний багтаамжтай бөгөөд 2008 онд аваргуудын лигийн шигшээ тоглолтыг хүлээн авч байлаа. Москвагийн нөгөө нэг цэнгэлдэх нь “Спартак”. “Спартак Москва” багийн “гэр” болох уг цэнгэлдэх шинээр баригдаж, 42 мянган хүний багтаамжтайгаар 2013 оны төгсгөлд ашиглалтад орохоор болсон юм.
Оросын хуучин нийслэл Санкт Петербургийн Зенит цэнгэлдэх ч мөн шинээр ашиглалтад орохоор барилгын ажлаа эхлүүлж байна. Үүнтэй адилаар Калининград, Самара, Казанийн Рубин, Саранск, Ростов, Сочи хотууд шинэ цэнгэлдэхтэй дэлхийн аваргыг угтан авах нь ээ.
Газарзүйн байрлалын хувьд манай улсад ойр болох ДАШТ нь том газар нутагтай Оросын хувьд асуудал болж магадгүй. Хамгийн урд зүгт орших Сочи болон хойд зүгийн Петербург хотын хооронд 1900 км зайтай бол баруун зүгийн Польш, Литвийн дунд орших Калининград хотоос зүүн захын Екатеринбург хүртэл 2500 орчим км зайтай, гурван цагийн зөрүүтэй байгаа юм.
ДАШТ-ий бэлтгэл ийнхүү эхэлж, эхний ээлжинд ОХУ-ын Засгийн газраас 600 тэрбум рубль төсөвлөжээ. Энэ нь ойролцоогоор 19,2 тэрбум ам доллар болж байгаа юм. Энэ мөнгөөр хотуудын тээвэрлэлт, аюулгүй байдал, эмнэлэг болон цэнгэлдэхүүдийн барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон байна.