Утааг зүхэж суухаар нэг ч гэсэн санаачилга гарга

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Утааг зүхэж суухаар нэг ч гэсэн санаачилга гарга

“Түнэр харанхуйг зүхэж суухаар   нэг ч гэсэн лаа асаа” гэсэн үг байдаг даа.Энэ үгийн утгыг ойлгодоггүй хүмүүс олон байдаг бололтой. Дээрх үгийг арай өөрөөр хэлээд үзье. “Улаанбаатарын утааг зүхэж суухаар нэг ч гэсэн санаачилга гарга” гэж. Чухам ямар санаачилга гаргах ёстой вэ, хэн гаргах хэрэгтэй юм гэсэн асуултууд ар араасаа ундарна. Иргэд санаачилга гаргана гэхээр хэрээс хэтэрсэн агаарын бохирдлын эсрэг юу хийж чадах вэ гэдэг нь сонирхолтой. Хүн бүр тохилог байранд орж чадахгүй. Нүүрсээ түлэхгүй байя гээд өвөлдөө хөлдөж үхэлтэй биш. Тиймээс санаачилга гаргах нэг байгууллага хэрэгтэй болж таарч байгаа биз. Үндсэндээ хүмүүст хэлж, сануулж, нэг ч гэсэн санаачилга гаргаж, утаатай тэмцэх ёстой юм. Тэр нь “Цэвэр агаар сан” юм. Мэдээж энэ сан агаарын бохирдолтой холбоотой хууль дүрмийг сахиулах, иргэдэд сурталчлах, агаарын бохирдлын эсрэг тэмцэх, хөрөнгө мөнгө босгох ажлыг хийж байгаа. Нэг үгээр хэлбэл, агаар бохирдолтой байна гэж хий дэмий бухимдаж суухын оронд нэг ч болов оролдлогыг хийж байгаа байгууллага. Яг үнэндээ нэг биш. Тэд олон оролдлогыг хийсэн. Ус-15 орчмын төв шугамд холбох ажлыг хийлээ. “Дэнжийн-1000” орчмын гэр хорооллыг төвлөрсөн шугамд холбох ажлыг эхлүүллээ. Утаагүй автобус буюу Дуобусыг үйлчилгээнд гаргасан, агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон, утаагүй түлшний үйлдвэр барих ажил дуусч байна. Энэ мэт санаачлан хийсэн ажил олон байгаа. Гэхдээ  Улаанбаатарын утаа өргөс авчихсан юм шиг алга болчихоогүй байгаа нь үнэн. Бага насны хүүхдийн нас баралтын хамгийн түгээмэл тохиолдол нь амьсгалын дээд замын цочмог халдварт өвчин байгаа бөгөөд үүнд агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 94 хувьтай байгаа нь ч үнэн. Улаанбаатарын иргэд өдөрт 4-5 хайрцаг тамхи татсаны дайны тоосоор амьсгалдаг нь ч үнэн.Энэ бүхэнд бухимдахгүй байхын арга алга. Гэсэн ч  түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаасан хүн байгаа юу. Харамсалтай нь үгүй. Харин ч эсрэгээрээ,  “нэг хэсэг айлыг төв шугамд холбоод, хэдэн утаагүй автобус явууллаа гээд багасдаг юм биш” гэж даналзах их мэдэгчид олон байгаа. Сүүлдээ агаарын бохирдолтой тэмцэх нь зөв үү, буруу юу, тэмцэхээ болъё гэж уриалагчид ч гарч ирэх шинжтэй байна. Нэг хэсэг айлыг, газрыг төв шугамд холбоод утаа алга болохгүй ч тодорхой хэмжээгээр багасч  л таараа.  Энэ бүхэн оролдлого.Юу ч хийхгүй харж сууснаас оролдож үзсэн нь дээр биз дээ. Тэгэхээр иргэд “Цэвэр агаар сан”-гаас зохион байгуулж байгаа ажил, төсөл хөтөлбөрийг дэмжээд, агаарын бохирдлоо бага ч гэсэн бууруулахын төлөө хамтдаа тэмцэх хэрэгтэй байна. “Цэвэр агаар  сан” байгуулагдсанаасаа хойш багагүй ажил зохион байгуулсны зах зухаас дээр дурьдсан.  Тэгвэл тэд дахин нэг оролдлогыг хийж байна. Юу гэвээс өнгөрсөн баасан гарагт “Цэвэр агаар сан”,  Нийслэлийн агаарын чанарын алба,  Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд  хамтран Сүхбаатарын талбайд Агаарын бохирдлын эсрэг дулаалгын сарын  аяныг  нээж “Орон байраа дулаалцгаая” өдөрлөгийг  зохион байгуулсан юм.

Аяныг Нийслэлийн агаарын чанарын албанаас санаачлан зохион байгуулж байгаа ч бусад байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа маш чухал.  Дээрх аян нь агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгахад төр, захиргааны болон гадаадын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих, олон нийтийг тэдгээрт татан оролцуулах, эрчим хүчийг хэмнэх, дулаан алдагдлыг багасгах талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой  гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.  Аяны нээлтэд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан зэрэг албан хүмүүс оролцож, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, ард түмэнд хандаж уриалга гаргасан юм. П.Цагаан дарга үг хэлэхдээ “Улаанбаатарыг цэвэр сайхан, бухимдал багатай хот болгохын төлөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газар их олон ажил хийж байгаа. Бидний өвөг дээдэс “Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар орно” гэж хэлдэг байсан. Энэ бол гэр, орон сууц, байшин барилгаа сайн дулаалахын чухлыг хэн ч ойлгохоор илэрхийлсэн. Судалгаагаар бид байр, гэрийнхээ дулааны 50-55 хувийг цонх, хаалга, хана, дээврээрээ  алддаг юм байна. Өөрөөр хэлбэл,  тал хувийг нь салхинд хийсгэж байна. Ингэснээр улам их түлш, дулаан хэрэглэхэд хүрнэ. Тэр хэмжээгээр амьсгалах агаараа бохирдуулна, бас олсон хэдэн төгрөгөө үргүй зарцуулна гэсэн үг. Ийм байдал нь ядуурлыг бууруулахад хүндрэл учруулж байна. Түүнийгээ талх тариа, хүнс ногоо, хүүхдийнхээ сургалтын зардалд хэрэглэж болно шүү дээ. Нийслэлчүүддээ байр, гэрээ сайн дулаалахыг уриалж байна” хэмээн дулаалгын ач холбогдлыг энгийн үгээр тайлбарлаж өгсөн юм. Нөгөө талаар агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэн бүр оролцох боломжтойг сануулсан хэрэг.

Иргэд төрөөс дэмжлэг нэхэж байна

Агаарын бохирдлын эсрэг дулаалгын сарын аянд 10 гаруй компани оролцож, шалны халаалт,  халдаг ширээнээс  эхлээд бүх төрлийн дулаалгын материал, Канад, Герман, Америк, Япон зэрэг улсын технологийг ч танилцуулж байгаа юм. Мөн Монголын технологи байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй.  Түүнээс гадна иргэд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож,  гэрийн дулаалга, халаагуурыг ихэд сонирхож байсан. Мөн гадаадын олон орны технологиор барсан байшингуудыг илүү ихээр судалж, үнэ өртөг, чанар гээд бүх  зүйлийг  нь  асууж, сонирхож бай­сан юм. Бид талбай дээр барьсан байшингуудын зүүн захаас эхлэж үзэж, үнэ өртөг гээд бүх зүйлийг нь асууж, сурвалжилсан юм. Магадгүй материал, үнэ өртөг, барих цаг хугацаа нь уншигчдад таалагдах ч юм бил үү. Хамгийн зүүн захад баригдсан “Proftechnics” компанийн байшинг үзэж сонирхов. Уг  компани хөнгөн ган каркасны үйлдвэрлэл, угсралтын үйлчилгээ эрхэлдэг аж. Метал каркасан байшин нь барилгын үйлдвэрлэлийн салбарт цоо шинэ шийдэл гэдгээрээ онцлогтой ажээ. Металл каркас шатдаггүй, хүчтэй салхи шуурга, газар хөдлөлтөд тэсвэртэй, удаан эдэлгээтэй, эрчим хүчний хэмнэлттэй  гээд давуу тал олонтой. Хамгийн гол нь гаждаггүй, сэнсэрдэггүй, чийг авдаггүй, өмхөрч мөөгөнцөртдөггүй нь аятайхан юм билээ. Зөвхөн төмөр каркасын ам метр тутмынх нь үнэ  240 мянган төгрөг гэсэн. Төмөр каркасан байшин бариулах хүн тухайн компаниар зөвхөн каркасаа бариулж болно. Түүнийхээ дараа өөрсдөө материалаа аваад, барилгаа барьж болно. Эсвэл байшингаа бүтнээр нь тухайн компаниар ч бариулж болно гэнэ. Тэгвэл арай үнэтэй.7х8 хэмжээтэй байшин бариулахад 40 сая төгрөг хэрэг болох юм байх. Нэг өрөө байрны мөнгө. Гэхдээ талбайн хэмжээг харьцуулах юм биш. Иргэд их сонирхож байгаа ч  ихэнх нь “Үнэ нь арай өндөр юм. Танайх банктай хамтарч ажилладаг уу, хөнгөлөлт байгаа юу” гэж асууж байсан. Цаашлаад, “Auto heat” компанийн машины хучлага, гэрийн дулаалгыг үзэж сонирхов. Таван ханатай гэрийн дулаалга 550 мянган төгрөг аж. Харин дөрвөн ханатай бол 460 мянга. Дулаалгад нь гэрийн дээвэр, туурга, шалавч багтаж байгаа юм билээ.Тэд гэр бариад, дулаалгаа хийж, шалавчаа дэвссэн байсан. Уг нь үнийн хувьд боломжийн ч банкны зээлээр өгөх боломжийн тухай асуулт мөн л иргэдээс гарч байв.

Агаарын бохирдлын эс­рэг дулаалгын сарын аянд оролцож байгаа элдэв технологиор байшин барьж байгаа компаниудын дунд хамгийн хямд өртгөөр, түлхүүр гардуулах нөхцөлтэй­гээр байшин барих нь “Luxwood House” компани байсан. Тэднийх иргэн таны зөвшөөрөлтэй газар дээр, хүссэн загвар, хэмжээгээр байшин барьж өгөх бөгөөд ам.метрийг нь 500 мянган төгрөгт багтаах юм билээ. Та ам метрийнхээ үнийг төллөө, гэрээ байгууллаа, 1-2 сарын дараа түлхүүрээ аваад, байшиндаа орно гэсэн үг. Герман технологиор, дулаан хадгалалтын маш өндөр зэрэглэлтэйгээр барьдаг гэдгээ хүмүүст танилцуулж, багагүй талархал хүлээж байсан. Гэсэн ч  хүмүүс бас л банкны зээлээр авах боломжийг хайж байв. Энэ мэтээр цааш нь танилцуулбал, Япон, Канад технологийн янз бүрийн байшин барьж өгөх компани олон болжээ, манайд. Тэд ам.метрийг нь 500-650 мянган төгрөгт багтааж байшин барьж өгнө гэж байна. Гэхдээ иргэдийн хүсээд байгаа, хөнгөлөлттэй үнээр, банкны зээлээр барих компани алга байна.30 сая төгрөгөөр 50-60 ам.метр талбайтай, тохилог, дизайн сайтай байшинтай болно гэдэг сайхан хэрэг. Гэтэл бэлэн 30 сая төгрөг гаргаж өгөөд, байшинтай болчих хүн хэд билээ. Тийм хэмжээний мөнгөтэй хүмүүс аль хэдийнэ байр сууцтай, хашаа байшинтай болчихсон байгаа. Одоо гэр хороололд суугаад, утаа үйлдвэрлээд байгаа нөхдүүд 10 -15 сая төгрөгт багтааж байшин барих тухай бодоод л явж байгаа. Гэхдээ арай гайгүй, ажил төрөлтэй, боломжийн залуус тэгж бодож байгаа шүү дээ. Гэтэл түүний ард  бага орлоготой олон хүн байна. Тэдэнд банкны хөнгөлөлтэй зээл хэрэгтэй байгаа гэдгийг албанныхан ойлгохгүй байгаа нь харамсалтай. Энэ тал дээр төр хөдөлж, аж ахуй нэгжүүдэд ч, иргэдэд ч хэрэгтэй, боломжийн нөхцлөөр банкны зээл олгох, байшинтай болоход туслах шаардлага гарч ирж байгаа юм.Бага, дунд орлоготой хүмүүс төрөөс дэмжлэг нэхсэн хэвээр л. Тэгэхгүй гээд ч яах юм билээ.

Байшинд биш халаалтын системд анхаарах хэрэгтэй

Хэдийгээр элдэв гадаадын технологийн байшин тохилог, компаниуд нь өөрсдөө бариад өгчих ч дулааны асуудлыг шийдэхгүй бол ялгаагүй л гал түлэх хэрэгтэй болно. Зарим компанийн хийсэн тооцоогоор 40.5 ам.метр талбайтай байшинд тогоор халдаг халаагуур суурилуулахад сардаа 105 мянган төгрөг цахилгааны төлбөрт тушаах хэрэгтэй юм билээ. 200 мянган төгрөгөөр портер нүүрс худалдаж аваад, дөрвөн сар түлдэг айл байгаа. Гэтэл халаалтын төлбөрт сар бүр 105 мянган төгрөг өгөөд байх боломж юу билээ.За яах вэ, цахилгааны хөнгөлөлтөд орж болох юм. Гэхдээ л эрсдэлтэй. Тиймээс “Цэвэр агаар сан” болон бусад холбогдох байгууллагууд дулаалгын асуудал дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан.  Иргэд өөрсдийнхөө хашаанд 10 сая төгрөгөөр боломжийн байшин бариад суувал  халаалтын систем, халдаг шал зэргийг шийдчих юм бол агаарын бохирдол аяндаа багасах боломж байна. Өнөөдөр халдаг шал, цахилгаан халаагуур зэргийг оруулж ирж байгаа хэдхэн хувийн компани байгаа юм.Гэтэл таван ханатай гэрт халдаг шал аваад тавьчих гэхээр сая төгрөгөөс доош үнэтэй биш.Байшин бариагүй ч гэртээ гал түлэхгүйгээр агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэд байгаа ч халдаг шалны үнийг дийлэхгүй. Тэгэхээр дахиад төр оролцох шаардлагатай байна. Сүхбаатарын талбайд болж байгаа аянд оролцож байгаа “Эйчбар-Тек” ХХК-ийн нийлүүлж байгаа Нано торон халдаг шалны  ам.метр тутмын үнэ нь  65 мянган төгрөг. Таван ханатай гэр 28 ам.метр талбайтай гэвэл 1.8 сая төгрөг болно. Уг нь таван ханатай гэрт  60 градусаар халдаг шалыг суулгахад сардаа цахилгааны төлбөр гэж 65 мянган төгрөг гарна гэсэн.  Түрүүнд дурьдсан 40.5 ам.метр талбайтай байшинд суурилуулсан паар­наас ялгарах юм байхгүй. Ингээд бодохоор иргэдэд нүүрсээ түлэхээс өөр сонголт алга болж байгаа хэрэг. Засгаас утаагүй зуух  хямдхан олгож байгаа шигээ халдаг шал зэргийг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олговол, сардаа  тогны мөнгөнд 65 мянган төгрөг төлчих боломжтой айлууд авч магадгүй.  Ерөөс агаарын бохирдол байшин, гэрт биш, нүүрс түлж байгаад л байгаа биз дээ. Тэгэхээр гал түлүүлэхгүй байх арга хэмжээг авч, тэр тал дээр хөрөнгө хаяж чадвал  үр дүн хурдан гарах юм биш үү. 2010 оны  байдлаар гэр хороололд амьдардаг өрхийн тоо 177 мянга, нийслэлийн авто машины тоо 190.0 мянгад хүрсэн.  Мөн 1.4 мянган бага дунд оврын нам даралтын халаалтын зуух ажиллаж байсан нарийн тоо баримт бий. Сүүлийн хоёр жилд гэр хороолол хэрхэн тэлж, толгойтой бүхэн машин унадаг болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Хэрвээ энэ олон айл, нам даралтын зуухны ядаж 20 хувийг устгаж чадвал бид бага ч болов агаараа цэвэрлэж чадах учиртай.Тэгэхийн тулд халаалтын системийг өөрчлөх хэрэгтэй байна.

Эх сурвал:. "Монголын мэдээ" сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж