Монгол Чилээс хэрхэн суралцав?

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Монгол Чилээс хэрхэн суралцав?

Дэлхийн банк өнгөрсөн баасан гаригт “Монгол Чилээс хэрхэн суралцав” гэсэн гарчигтай судалгааны тайлан гаргаснаа олон нийтэд дэлгэжээ. Уг тайланд дурдсанаар, Монгол улс нь эрдсийн түүхий эдийн экспортоос хамааралтай эдийн засагтай улс бөгөөд өнгөрсөн 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр эрдсийн үнэ шалдаа буухад энэ нь тод мэдрэгдсэн. Тодруулбал, эрдсийн экспортын орлогын менежмент, нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалтын төлөвлөлт тааруу байдал болон валютын ханшийн дарамт нь Монгол улсын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлснийг тэмдэглэжээ. Монгол улсын эрдсийн салбараас улам бүр хамааралтай болох нөхцөл 2009 оны Оюутолгойн гэрээгээр улам батажсаныг ч тайлбарт дурджээ.

Харин Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зөвлөмж, туслалцаатайгаар тус улс эрдсийн салбараас хамааралтай эдийн засаг бүхий улс орнууд, тэр дундаа Чилийн туршлагаас суралцаж буйг онцолжээ. Чили улс нь эрдсийн салбараас олох хөрөнгийг зарцуулах тухай бодлогоо ихээхэн сайжруулж буй гэж Дэлхийн банк үзэж буй юм. Чили улс 1980-аад оны сүүлээс эхлэн Зэсийн орлогын тогтвортой байдлын сан байгуулан орлогоо зөв ашиглаж эхэлжээ. Түүнчлэн тус улсын эдийн засаг нь Монголынхтой харьцангуй төстэй бөгөөд 2009 оны есдүгээр сард манай улсын төр засгийн төлөөллийнхэн Дэлхийн банкныхантай хамтарч, Чилид туршлага судлах аяллын хөтөлбөр зохион байгуулж байжээ.

Тус банк тайландаа Монголын хувьд гарсан ахиц дэвшлийг 2010 оны зургадугаар сард батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэгтэй холбон тайлбарлажээ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлтийг ч ахиц дэвшил авчрах алхам болсныг тэмдэглэжээ. Дэлхийн банк тайландаа Монгол улс байгалийн баялагтай нь үнэхээр зол завшаантай хэрэг,  гэхдээ энэ нь зөв төлөвлөлт хийсэн нөхцөлд л хэрэгжинэ. Харин дээрх дөрвөн хуулийг батлан мөрдөхөөр болсон явдал нь санхүүгийн менежментийг сайжруулж бэхжүүлсэн алхам боллоо гэдгийг тэмдэглэжээ. 

Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж