Анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо

Улсын Дээд шүүх өнөөдөр УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын маргааныг хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Нэр төрд халдсан, нэр төр сэргээлгэх тухай асуудлаас үүссэн энэ маргааныг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд анхан ба давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэх шийд гаргажээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж 2012 оны гуравдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайдаар ажиллаж байхдаа олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн юм. Харин Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд 2012 оны тавдугаар сарын 18-нд гомдлыг хэлэлцээд, сайд Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан билээ.

Үүний дараа Ц.Нямдорж гишүүн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хоёр шатны шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд хандсаныг ийнхүү өнөөдөр хянан хэлэлцэж, хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа.

Хуралд илтгэгч шүүгчээр Д.Тунгалаг оролцсон байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж