СЕХ тойргийн хороодын ажлыг зогсоох тогтоол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

СЕХ тойргийн хороодын ажлыг зогсоох тогтоол гаргажээ

Яаж хууль бусаар төрийн эрхэнд гардаг, түүнийг хэрхэн хууль ёсны болгодгийг яг одоо яруу тодоор үзүүлж байна. Тэр нь СЕХ-ны есдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар баталсан 141 дүгээр тогтоол. Энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилвээс өнгөрсөн сонгуулиар иргэдийн саналыг худалдаж авсан, авах авахдаа төсвийн мөнгөөр худалдаж авсан этгээдүүдийн хэрэг эзэн хариуцагчгүй болж замхрах нь.

Тэдний хууль бус үйлдэлийн талаар хангалттай баримт, бичлэг хэвлэл мэдээллээр дамжин дотоодод төдийгүй дэлхий нийтэд ил болчихсон байхад СЕХ тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох тухай асуудлыг хэлэлцэж,  хуульд заасны дагуу тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатад хүрээгүй гэдэг үндэслэлээр дахин санал хураалт явагдах УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх-Налайх дүүрэг, 26 тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай аймгийн тойргоос бусад тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

Гэхдээ энэ тогтоолоос гадна 142 гэгч тогтоолоороо тойргийн хороодод хадгалагдаж буй ашиглаагүй саналын хуудсыг устгахыг аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт үүрэг болгосон байна. Ингэхдээ Баянзүрх-Налайх, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангайгаас бусад гэж тодотгоогүй болохоор эдгээр тойргуудын саналын хуудсыг ч устгана гэсэн үг болж таарах нь. Саналын хуудсыг нь утсгачихаар дахин сонгууль болохгүй гэсэн үг үү. Ямартай ч ийм  нэгэн хачирхалтай шийдвэрийг СЕХ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гаргажээ.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Дарханы гэх тодотголтой УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн албан тушаалаа ашиглан нэр дэвшсэн тойргийнхоо ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд намынхаа биелүүлж чадаагүй амлалт болох нэг сая төгрөгийг нь гүйцээж өгсөн хэмээн буруутгагдаж буй хэрэг замхрах нь.

УИХ-ын сонгуулиар МАН-аас Дорнод аймагт нэр дэвшсэн Н.Номтойбаяр Цагаан-Овоо, Халхгол сумын 335 иргэнд нэг сая төгрөгийг сонгууль болохоос гурав хоногийн өмнө тараасан баримтыг нутгийнхан дэлгээд буй. Хамгийн сонирхолтой нь тэрээр өөрийнхөө хөрөнгөнөөс намынхаа амлалтыг биелүүлж байна гэж тараасан гэж ярьдаг. Гэтэл энэ асуудлыг шүүхээр шийдээд, түүний буруутайг нотоллоо ч тойргийн хороо нь татан буугдсан болохоор Н.Номтойбаярыг одоо эргүүлэн татах асуудал шийдэгдэхгүй гэсэн үг.

Дээр нь баруун, солгойгүй мөнгө тарааснаас болоод туслахууд нь төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан хэрэгт унаад буй Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудал ч энд хамаарч байна. Тэдний гар, хөл нь болж, мөнгө тараасан этгээдүүдийг өдгөө Улаанбаатарт авчран, ТЕГ-т шалгаж байгаа.

Прокурор, тагнуулынхан иргэдийн саналыг хууль бусаар худалдаж авахыг завдсан нь баримтаар нотлогдож буйг сануулж, арга хэмжээ авахыг анхааруулсаар байтал хүлээж аваагүй Увс аймгийн тойргийн хорооны хэргийг ч Захиргааны хэргийн шүүх тун удахгүй шүүнэ. Гэтэл шүүх хурал болохоос өмнө хариуцлага хүлээж байх ёстой тойргийн хороо нь татан буугдчихлаа. Тэгэхээр СЕХ гэгч байгууллагыг үнэхээр хараат бусаар ажиллаж чадаж байна уу?

Хэрэв ажиллаж чадаж байгаа бол хуулийг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаа эсэхэд яаж итгэх вэ?

Мөнгө авсан хүмүүс нь тараасныг нь гэрчлээд байхад хариуцлага тооцох ёстой байгууллагыг нь татан буулгаж байгаа нөхцөлд тэднийг бусдын захиалгаар ажиллаж байна гэж хардахаас өөр арга алга. Иргэдийн саналыг худалдаж авсан гэх эрхмүүд энэ удаад ийнхүү СЕХ-ыг эзлэн авсан бололтой. Тэд хүссэн шийдвэрээ гаргуулж чадаж байна.  Энэ мэтээр иргэд нь сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байхад түүнийг нь нүдээ аниад өнгөрч байгаа бол эрх баригчид дахиад ардчилал гэж ярих нь утгагүй.

Тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох тухай дараах тогтоолыг гаргажээ.

МОНГОЛ УЛСЫН
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
ТОГТООЛ

2012 оны  9 дүгээр сарын 28-ны өдөр                                           Улаанбаатар хот

Дугаар 141 

                     
 

Тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох тухай

 
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийг зохион байгуулж явуулсан 10, 22, 26 дугаар тойргийн хороодоос бусад тойргийн хороодын үйл ажиллагааг 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр дуусгавар болгосугай.
 

ДАРГА                                                                        Н.ЛУВСАНЖАВ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                         Ч.СОДНОМЦЭРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж