21 мянган төгрөгийг нөхөж авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

21 мянган төгрөгийг нөхөж авах боломжтой

УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нар нийгмийн хамгааллын чиглэлийн зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ажилласан жил, нийгмийн даатгалын нөхөн төлбөрийн тухай хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Хэчнээн хүнд үйлчлэх вэ?

С.Эрдэнэ: -Энэ хууль 900 гаруй мянган иргэнд үйлчлэх юм. Хууль үйлчлэх журмыг арваннэгдүгээр сард багтааж гаргана. Иргэн өргөдөл гаргаснаар энэ хуульд хамрагдах эрх үүснэ. Хууль үйлчилснээр тухайн хүний ажилласан хугацаа таваас арван жилээр нэмэгдэнэ. Жил нь нэмэгдээд ирэхээр халамжийн тэтгэвэртэй хүмүүс хувь тэнцүүлсэн, хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй нь бүрэн тэтгэвэртэй болж, бүрэн тэтгэвэртэй хүмүүсийн авдаг мөнгө нэмэгдэх боломжтой.

-Хүний хөгжлийн сангаас олгож байсан 21 мянган төгрөгийг авч чадаагүй иргэдэд нөхөж олгох уу?

Д.Баярсайхан: -Энэ мөнгөний олголт өнгөрсөн зургадугаар сарын 30-наар тасалбар болсон. Эрх үүссэн иргэдээс мөнгөө авч чадаагүй хүн үлдсэн ч Хүний хөгжлийн сангийн данс мөнгөгүй болсон. Тэгэхээр УИХ-аар 2013 оны төсөв батлах үед эх үүсвэрийг шийдэх байх. Одоогоор шийдсэн зүйл алга. Шийдсэн тохиолдолд нөхөж олгоход бэлэн. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгөөс үлдсэн 340 мянган төгрөгийн асуудал бий. Гурван аймгаас бусад газарт олгоогүй. Эх үүсвэр бүрдмэгц олгоход бэлэн.

С.Эрдэнэ: -Эдгээр мөнгийг Монгол Улсын 2013 оны төсөвт суулгахаар болсон. Ер нь 21 мянган төгрөгийг иргэд авч дуустал дараа дараагийн төсөвт тусгаж байх юм. Иргэд гол төлөв иргэний бичиг баримтгүй, энэ талын болзол хангаагүйгээс мөнгөө авалгүй үлдсэн. Иргэд  иргэний бичиг баримтаа бүрдүүлсэн цагт нь хоёроос гурван жилийн дотор 21 мянган төгрөгийг олгож дуусна. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үлдэгдэл мөнгийг энэ онд олгож дуусгана.

Ер нь АН төрийн бодлогын залгамж чанарыг хадгална. Бэлэн мөнгө бол АН-ын амлалт биш. Гэхдээ нэг намын амласныг дараагийн нам үгүйсгэхгүй.

-Хүүхдийн мөнгө авахад арилжаааны банкууд шимтгэл авах болов уу?

-С.Эрдэнэ: -Суутгал авахгүй байх. Суутгал авбал Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт хандаж болно. Харин АТМ-аас мөнгө авбал суутгалтай байна.

2013 оны эхнээс Монголбанк төгрөгийн Т карт гаргана. Монгол төгрөгийн хөрвөх чадварыг сайжруулж, ханшийг барих зорилготой карт. Т карт дотроо Ваby карттай байна. Тэр картад хүүхдийн мөнгөө шилжүүлж болно. Хүүхдийн мөнгөний картаар архи, тамхинаас бусад зүйл худалдаж авч болно. Мөн хадгаламжийн данстай хүүхэд байвал хүүхдийн мөнгийг түүнд шилжүүлж болно.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж