Өчигдөр Хонгконгийн Ламма арлын ойролцоо орон нутгийн цагаар 18:15 минутын орчим 120 гаруй зорчигчтой хоёр гаталга онгоц хоорондоо мөргөлдсөн том осол гарчээ. Хонгконгийн албаныханы мэдээлсэнээр ослын улмаас өчигдөр шөнө 25 хүн нас барж, 100 гаруй зорчигч гэмтэж бэртсэн байна. Ослын үед маш хүнд гэмтэж бэртсэн хүмүүсээс есөн хүн өнөө өглөө эмнэлэгт нас барсанаар одоогийн байдлаар нас барсан хүний тоо 36-д хүрчээ. Уг осол болсоноос хойш 10 минутын дотор “Hong Kong Electric Company”-ны гаталга онгоц живсэн бөгөөд аврах багийнхан 20 минутын дараа иржээ. Харин нөгөө онгоц нь нэлээд эвдэрсэн ч живээгүй аж. Тиймээс уг онгоцон дээрх зорчигчид хөнгөвтөр гэмтэл авсан байна. Хоёр онгоц мөргөлдсөн даруй зорчигчид яаран сандран аврах хантааз өмсч, онгоц живж эхлэх үед хүмүүс усруу үсэрч эхэлжээ. Энэхүү осол аравдугаар сарын нэгэнд болдог Хятадын Үндэсний баярын өдрөөр болсон байна. “Hong Kong Electric Company” нь энэ өдөр ажилчдаа гэр бүлийнх нь хамтаар Хятадын Үндэсний баярыг үзүүлэхээр уг онгоцоор тээвэрлэж явсан аж. Ослоос хойш сураггүй болсон хүн олон байгаа учраас осол болсон газар руу хөлөг онгоц болон хоёр нисдэг тэрэгтэй аврах ажилтнуудыг илгээж, тэднийг хайж байгаа юм байна. Осол харанхуйд болсон учраас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байжээ. Дээрх мөргөлдсөн хоёр онгоцны нэгийг нь “Hong Kong and Kowloon Ferry Holdings” эзэмшдэг бөгөөд нөгөө нь “Hong Kong Electric Company”-ынх юм байна. Хэдийгээр Хонгконг нь дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй усан тээврийн сувгийн нэг боловч иймэрхүү том осол ховор гардаг аж.
Б.Анхтуяа