Энэхүү наадмын гараа Архангай аймгаас эхэллээ. Эрдэнэбулган сумын төвд 2012 оны 09 сарын 28-30-ны өдрүүдэд “Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн Оюутны Спорт урлагийн XV Их наадам” амжилттай явагдаж 7 аймгийн их, дээд сургуулийн 350 гаруй оюутан залуучууд оролцсон бүс нутгийн томоохон спорт, урлагийн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Орон нутгийн их, дээд сургуулийн оюутан залуучууд эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, спортын 6 төрөл (сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, модон бөмбөг, үндэсний бөх), урлагийн 6 төрөлд (мэндчилгээ, гоцлол дуу, гоцлол бүжиг, язгуур урлаг, гоцлол хөгжим, оюутан мисс) 3 өдрийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин, авьяас чадвараа нээн өрсөлджээ.
Наадмын нэгдсэн дүнгээр 434 оноогоор Р.Нямцэрэн захиралтай МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль тэргүүн байранд орсон байна. Удаах байранд 415 оноогоор Ж.Ванчинхүү захиралтай Ховд их сургуулийн баг орж, гуравдугаар байранд 219 оноогоор Х.Оросоо захиралтай ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль тус тус шалгарч цом, медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. Түүнчлэн Завханы ЭЗДС, Хөвсгөл аймгийн Далай Ван коллеж, Дорнодын ИСургуулиуд баг тамирчидаа сайн бэлтгэж оролцуулан спорт, урлагийн зарим төрлүүдээс хэд хэдэн медаль хүртжээ.
Энэхүү наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулж, сургуулийн хамт олныг удирдан, идэвх зүтгэл гарган ажилласаныг үнэлэн МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирал Р.Нямцэрэнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны “Жуух бичиг”-ийг ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан гардуулж өглөө.
Дашрамд хэлэхэд 2013 оны Орон нутгийн их, дээд сургуулийн оюутны спорт, урлагийн 16 дугаар их наадам Увс аймгийн Хар Тэрмэстэй жуулчны баазад зохион байгуулахаар аймгийн “Хөдөлмөрийн дээд сургууль”-ийн хамт олон албан ёсоор МОСХ-ны тугаа хүлээн авсан юм.