”Ашиг тус” эсвэл ”мөрөөдөл”

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

”Ашиг тус” эсвэл ”мөрөөдөл”

Гүржийн ард иргэд аравдугаар сарын 1-нд “ашиг тус” эсвэл “гүрж мөрөөдөл”-ийн төлөө сонголтоо хийлээ. Сонгуульд өрсөлдсөн намууд ялалтын төлөө бүхий л боломжийг ашиглахын тулд хөрөнгө мөнгө, ам хэлээ хайрлалгүйгээр өрсөлджээ. Тэдний амлалт, уриа, сөрөг PR ямар үр дүнд хүрсэн талаарх албан ёсны мэдээ хараахан гараагүй байна.

Аравдугаар сарын 1-нд болсон Гүржийн парламентын сонгуулийн гол өрсөлдөөни ерөнхийлөгч Михаил Саакашвилийн “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” (ҮНХ) эрх баригч нам ба “Гүрж мөрөөдөл” гэх тэрбумтан Бизин Иванишвилийн сөрөг хүчний эвслийн хооронд өрнөж буй. Сонгуулийн сурталчилгааг тэд агуулга ихтэй уриа лоозон, нэр дэвшигчдийнхээ улс төрийн үзэл бодлыг чухалчлан хийсэн юм. Сонгуулийн кампанид олон нийтийн сүлжээ, тухайлбал, Faсebook ашигласан нь шинэ хандлага болсон тухай гадны хэвлэлүүд онцолж байна.

ҮНХ зорилгоо тодорхойлохдоо “ард түмэнд илүү ашиг тус авчрах явдал” гэсэн бол Иванишвилийн талынхан “хамтдаа гүрж мөрөөдлөө хэрэгжүүлэх”-ийг уриалсан юм. Христийн ардчилагчид нь “шударга үнэ тариф” гэдгээр “тоглосон” бол популист лейборист намынхан “баячуудаас булаан хурааж, ядууст тараана” гэсэн уриа дэвшүүлжээ. Хамгийн богино “Оросод үгүй гэе!” гэсэн өдөөн хатгасан уриаг Үндэсний ардчилсан нам дэвшүүлэв. Намын гишүүд нь уриагаа соёлтой Оросоос биш харин Оросын эзэнт улсын бодлогын эсрэг гэж тайлбарлажээ.

Эсрэгээр санал өг

Эрх баригч намын зүгээс засаг захиргааны нөөцийг, Иванишвилийн эвслийн талаас санхүүгийн нөөцийг ашигласан кампани өрнөлөө хэмээн ажиглагчид дүгнэж байгаа. Энэ нь эргээд намуудын улстөрийн үзэл баримтлалыг сүүдэртүүлж буй гэгдэж байна. Түүгээр ч барахгүй хөтөлбөрөө танилцуулах биш харин өрсөлдөгчөө хараар будах гэсэн ухуулга их байлаа.

ҮНХ намын зүгээс үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэй, шинэчлэлүүдийг амжилттай хийсэн, улс орны ирээдүй хамт гэдэгт иргэдийн анхаарлыг хандуулахаар зүтгэсэн юм. Мөн эрх баригч нам тэдний өрсөлдөгчдийг дэмжвэл “шевардназегийн бүдүүлэг харанхуйд орон тэтгэвэр тэтгэмж зогсох” ухралт болно гэж ухуулжээ. Гүржийн ерөнхийлөгчийн талынхан нэр дэвшигч Иванишвилийг “Кремлийн туршуул” гэснээс гадна түүний намын эгнээнд экс-ерөнхийлөгч Эдуард Шевардназегийн багийнхан бий гэж хэлж буй.

"Гүржийн мөрөөдөл" нам Саакашвилийн дэглэмээс улс орныг салгах цаг ирсэн гээд, өөрийн мөрөөдлийг биелүүлэх үе ирлээ гэж байгаа. Олон жилийн турш хүн амын дунд эерэг имижийг хадгалж ирсэн тэрбумтан Иванишвилийн ивээн тэтгэлт нь намд ашиг тусаа өгч байна. Гүржийн лейбористуудын хувьд гол хөзөр нь популизм ба Саакашвили ч, Иванишвили ч хорлонгийн элч нар учраас тэднийг засгийн эрхэнд гаргаж болохгүй гэсэн уриа болж байгаа юм.

Айл өрх бүрт 600 ам.доллар

Нэр дэвшигчдийн хувьд сонгогчидтой уулзахдаа олон улсын харилцаа болоод алдагдсан газар нутгийн талаар тунчиг бага дурджээ. Гол ухуулга нь нийгмийн салбарыг чиглэсэн бөгөөд намууд төсвийн хөрөнгийг нийгмийн хөтөлбөрт зарцуулна гэсэн харамгүй амлалт өгөв. Тухайлбал, эрх баригч ҮНХ нам гэр бүл бүрт 1000 ларийн (600 орчим ам.доллар) ваучер өгөхөөр амлав. “Гүржийн мөрөөдөл” нам хөдөө аж ахуйг дэмжих санг нэг тэрбум лари буюу 600 сая орчим ам.доллараар байгуулна гэсэн байв.

Орос, НАТО ба  угжирсан сөргөлдөөнүүд

Бүх нэр дэвшигчид Абхаз ба Өмнөд Осети, мөн 2008 оны сөргөлдөөний үеэр алдсан нутаг дэвсгэрээ буцаан авахыг нэн тэргүүний зорилт гэж тунхагласан байгаа. Оростой сайн хөршийн харьцаатай байхыг нэр дэвшигчид чухал гэж үзэв. Гэхдээ алдагдсан нутаг дэвсгэрээ хэрхэн буцаан авах тодорхой санал, Орос-Гүржийн харилцааг хэрхэн сайжруулах талаар намуудад тодорхой санаа оноо байсангүй.

ҮНХ нам нь онцлохдоо, Оростой харилцаагаа сайжруулах эрмэлзлэлээ харуулж, оросуудын хувьд визгүй зорчих мэтийн санаачилга дэвшүүлж байсан гэв. “Гэхдээ бид Абхаз, Өмнөд Осетийг алдаж байж харилцаагаа сайжруулахаар явахгүй. Улс орныхоо барууны ирээдүйгээс татгалзахгүй” гэж ҮНХ намын лидерүүдийн нэг бөгөөд парламентын спикер Давид Бакразе мэдэгдсэн байв.
Ингэхдээ, НАТО ба ЕХ-нд интеграцлагдах нь эрх баригч намын гадаад бодлогын гол чиглэл нь болж байгаа билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж