Э.Батшугарыг зүтгүүлнэ гэв үү?

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Э.Батшугарыг зүтгүүлнэ гэв үү?

“Би удахгүй тангарагаа өргөнө” гэж Ц.Оюунбаатар 2012 оны есдүгээр сарын 3-нд “Ньюс.мн”-д мэдэгдэж байжээ. Гэвч сар гаруйн хугацаа өнгөрсөн ч тэрээр тангарагаа өргөсөнгүй. “Удахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлчихээд бултаад гүйгээд байдаг хүн шиг таг чиг. Уг нь хуульч хүн байж “удахгүй” гэдгийн утгийг сараас дээш хугацаа гэж ойлгодог бололтой. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдох эрхтэй болсон ч энэ эрхээ эдлэхээс татгалзан өөр нэгэнд боломж олгочих санаатай гүйж яваа түүнд УИХ-ын гишүүн байхаас ч илүү ашиг сонирхол байгаа бололтой.

Гишүүн болоогүй байж хүний аманд багтаж өөрийнхөөрөө шийдэж чадахгүй байгаа юм чинь гишүүний эрх авчихвал тэр хүнийхээ төлөө ажиллах уу, нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллах уу гэдэг нь эргэлзээтэй болж эхэллээ.
Уг нь түүний хадгалж буй суудал нь Н.Энхбаярын хэргийг хэрхэн шийдэгдэхээс хамааралтайгаар хүлээгдэж байсан. Хэрэг шүүхээр шийдэгдэж Н.Энхбаяр гишүүн болох боломжгүй болсон. Гэвч тэр дахиад л хүлээхээр шийдэж. Энэ удаад хадгалсан шалтгаан нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар. О.Баасанхүү нарын нөхөд нь уйгагүй хөөцөлдсөний эцэст Батлан хамгаалах яамнаас цэргийн алба хаасан тухай баримт олоод ирсэн бололтой. Ингээд Э.Батшугарт гишүүн болчих боломж харагдаж эхэлсэн гэх. Ямар аргаар ийнхүү “цэргийн албыг гялалзуулчихсан” нь одоогоор тайлбаргүй байна. Гэвч “Н.Энхбаяр уу, Ц.Оюунбаатар уу” гэх таамаглал гайхалтай баримт дэлгэгдсэнээс хойш “Ц.Оюунбаатар уу, Э.Батшугар уу” хэмээн өөрчлөгдлөө.

Спортын тэмцээнд оролцогч багууд өөрсдийн гэсэн нөөцний тоглогчидтой байдаг. Хэнийг гарааны тоглолтонд оруулах нь дасгалжуулагчийн эрхийн асуудал. Гараанд гарч чадаагүй өөрсдийн ээлжээ удаанаар хүлээж буй тоглогчдийг “банз халаагаад сууж буй тоглогчид” ч гэж шоглодог. Гэвч гарааны тоглолтонд орох эрхээ авчихсан, гараанд тоглож буй заримаасаа хэд нугалчих чадвартай нэгэн нь ийнхүү “банз халаагч” хийгээд л суугаад байх юм. Түүнээс хэзээ гарааны тоглолтонд орох вэ гэхээр “удахгүй ээ” гэчихээд, улаан карт авчихсан дарга руугаа нэг харчихаад, санаа алдаад л суух аж.

Дараагийн тангарагаа өргөх хүн хэн бэ. Энэ “Банз халаагч” уу, Батшугар хүү юу?

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж