Ингээд цахим үнэмлэх тарааж байгаа аль нэг хороон дээр очиж бодит байдлыг ажиглалаа. Энэ бол Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо бөгөөд Дарь эхийн айлуудыг хамардаг томоохон хороо юм. Тус хорооны байранд ороход цахим үнэмлэх авахаар ирсэн иргэдээсээ илүү их хорооны ажилтнууд байна. Өөрөөр хэлбэл, ганц нэгхэн хүн үнэмлэхээ авахаар ирсэн нь харагдсан. Энэ хорооны хувьд цахим үнэмлэх 100 хувь нийлүүлэгдсэн бөгөөд 80 хувийг нь тараасан гэж байна. Том хороо гэхэд идэвхтэй байгаа ч өөрийн биеэр, гарын үсгээрээ баталгаажуулж байгаа нь цөөхөн, гэр бүлийнхнийгээ төлөөлөн нэг нь ирж авч буй гэнэ. Ийм байдлаар ч болтугай авч байгаа нь ашгүй дээ. Хорооны ажилтнуудын амны уншлага нь “хажуу хавийнхаа хүмүүст хэлээрэй, цахим үнэмлэхээ аваарай” гэх. Нээрэн л цахим үнэмлэх тараах явц гэдэг нь иргэд өөрсдөө цахим үнэмлэхээ авах явцыг л хэлж байгаа юм шүү дээ. Цахим үнэмлэхээ авахын тулд амьдран суудаг хороон дээрээ хуучин иргэний үнэмлэхтэйгээ очоод бүртгүүлээд авч болно. Харин хуучин иргэний үнэмлэхээ гээсэн багагүй иргэд бий. Хэрэв тийм бол Улсын бүртгэлээс лавлагаа авах эсвэл, өөрийгөө гэрчлэх төрсөний гэрчилгээгээ авч очиж болох юм байна.
“Цахим үнэмлэхнийхээ зургийг нуугаарай”
Яагаад ингэж хэлэх болов гэж гайхаж байгаа байх. Өрөөнөөс цахим үнэмлэхээ аваад гарч байгаа хоёр охины царай жогтой ч гэмээр, ичингүйрсэн ч гэмээр. “яана аа, иргэний шинэчилсэн бүртгэл гээд өглөө шууд босоод хороон дээр ирж, нэг эгчээр даруулж байсан зураг байна. Сэгсийчихсэн, яаж хүнд харуулна аа” гэх. Нээрэн л тийм иргэний шинэчилсэн бүртгэл гээд хурууны хээ авч байсан өнөөх үеийн зураг цахим үнэмлэхнээ. Бүртгэлийн ажилтны далий муруй, дээрээс доороос авсан нь хамаагүй тэр зургаар банк, эмнэлэг, сургууль соёл, хаана л биеийн байцаалтаа үзүүлэх хэрэгтэй тэр газарт зорчих нь байна. Бэлтгэлгүй гарсан хүний хувьд, аймшигтай. Дунд сургуулийн сурагчид нэг нэгнээ энэ зургаар нь шоолж байхтай ч таарсан. Жаахан хүүхдүүд болохоор дүрсгүйтэж байгаа гээд өнгөрөөсөн ч насанд хүрсэн хүн ч нэг нэгнийгээ шоолмоор инээдтэй зураг бас байна аа байна. Ингээд л цахим үнэмлэхээ авсан бол дахиж солиулж, шинээр хийлгэнэ гэж саналтгүй. Харин гээсэн тохиолдолд өнөөх залхуу хүрмээр дамжлагатай бүртгэлийн байгууллагаар явж, шинээр авна. Ингэж шинээр авах бол зургаа солиулж болох юм гэнэ. Гэвч бөөн явдал суудал болж авна гэдэг ч бас хүнд л дээ. Ингэж сөхөх учир нь иргэнийг тодорхойлох ухаалаг үнэмлэхэнд оруулах зургийг иргэдийн өөрсдийн авахуулсан цээж зургаар ч юм уу яагаад тавьж болоогүй юм? Заавал мэргэжлийн бус, бүртгэлийн ажилтнаар авахуулсан зургаар тавьдаг нь оновчгүй байсан. За нэгэнт гарсан зургийг одоо яая гэхэв, нууна ч гэж юу байхав, эвгүй зурагтай гарсан ухаалаг үнэмлэхээ ашиглаж л таараа. Үүгээр урьд нь иргэний үнэмлэхээр авч байсан банк, эмнэлэг, даатгал боловсролын бүхий л нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг авах гэнэ. Харин 10 дугаар сарын 1-нээс эхлээд банкууд болон бусад үйлчилгээний газар зөвхөн цахим үнэмлэхээр үйлчилнэ гэсэн мэдээлэл байсан юм. Энэ талаар албаныхнаас тодруулахад, “Яг ч өнөөдрөөс цахим үнэмлэхгүй иргэдэд үйлчлэхгүй гэсэн захирамж байхгүй ч иргэд яаралтай цахим үнэмлэхээ авах хэрэгтэй байна” гэсэн хариултыг өгч байна лээ.
Цахим үнэмлэхний ард байрлах шар чипэн дотор овог нэр, нас, хүйс, регистирийн дугаар, цахим үнэмлэхний хүчинтэй байх хугацаа, төрсөн газар, оршин суугаа газар, иргэний үнэмлэхний болон бүртгэлийн дугаар, хурууны хээ байх бөгөөд үндсэндээ тухайн иргэнийг иллгэх бүхий л мэдээллийг багтаасан байна. Нууцлалын хувьд их анхаарсан гэж эх загварыг бүтээсэн хүмүүс тайлбарлаж байсан. Одоогоор цахим үнэмлэхний нэрлэсэн үнийг тогтоогоогүй байгаа бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд хэдэн төгрөгөөр дахин авах юм гэдэг нь тодорхой биш байгаа юм. Иргэдийн дунд үүсээд байгаа томоохон асуудал бол шилжилт хөдөлгөөн. Энэ тухайд, орон нутгийн сонгууль болтол ямарваа шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэхийг хуулиар түр хориглосон байгаа юм. Тодруулбал, есдүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 21-нийг дуустал ийнхүү шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэхгүй ажээ. Тэгэхээр хөдөө амьдарч байгаад хотод ирээд шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй бол тухайн аймагт нь цахим үнэмлэх нь гарсан байгаа. Түүнийг заавал өөрийн биеэр очиж авах бөгөөд эндээ амьдардаг болсон тухай шилжилт хөдөлгөөнийг орон нутгийн сонгууль өнгөртөл хийлгэхгүй юм. Харин таны цахим үнэмлэхэн дээр нэр, нас, хаяг гээд мэдээлэл буруу байвал 10 дугаар сарын 15 гэхэд гомдлыг хүлээн авч дуусч, 10 дугаар сарын 25 гэхэд иргэдийн гарт цахим үнэмлэх нь бүрэн очих ёстой байдлаар төлөвлөсөн байна. Тиймээс өөрсдийн цахим үнэмлэхээ сайтар нягтлаарай, хаа газар цахим үнэмлэхээ ашиглах гэвэл мэдээллийн зөрчилтэй бол асуудал үүсэх нь байна шүү дээ. За ингээд, Монгол Улсын иргэний бүртгэлд шинэ хуудас нээж байгаа ухаалаг үнэмлэхээ иргэн бүр идэвхтэй аваарай. Таны үнэмлэх таныг илтгэнэ.