Уг нь машиныг даатгах байсан ч

Хуучирсан мэдээ: 2012.10.02-нд нийтлэгдсэн

Уг нь машиныг даатгах байсан ч

“-Даатгуулсан уу, -даатгуулаагүй ээ, өнөөдөр таксинд явж тэр татварынх нь мөнгийг олохоос”, “Амрыг эрье. Яагаад хууль биелүүлэхгүй байна. Даатгуулаагүй бол журмын хашааруу явна гэдгээ мэдэж байгаа биз. –Хүү минь, харин тийм ээ, гэхдээ” “Охин минь, даатгалын гэрээн дээр хамтран эзэмшигчээр гурван хүний нэр бичнэ гэсэн, тэгэхээр манай гэрийн нөгөө хоёр жолоо барих эрхтэй хүн маань даатгал хийлгэхгүй байж болно гэсэн үг юм болов уу, -Мэдэхгүй ээ, даатгуулаагүй жолоочийг арван сарын нэгнээс хөдөлгөөнд оролцуулахгүй, 140 мянгаар торгоно, хураана гэдгээс өөр нарийн тодорхой мэдээлэл өгөхгүй юм байна шүү дээ”. Энэ мэт яриа сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд яригдаж буй “хит” ярианы сэдэв болж байна. Тодруулбал, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн зорилтот заалтууд үйлчилж эхэлж буй өдрүүд нь энэ.

Хууль батлагдсан хугацаа гэвэл, 2011 оны аравдугаар сарын 6. Хэрэгжиж эхэлсэн нь 2012 оны нэгдүгээр сарын 1. Харин хариуцлагын заалт хэрэгжиж эхлэх нь энэ аравдугаар сарын 1 болж байна.

Анх оруулж ирсэн хуулийн зорилго нь “Жил бүр зам тээврийн ослоор 300 гаруй хүн нас барж, 900 гаруй хүн гэмтэж байна. Иймд жолоочийн хариуцлагын хуулийг батласнаар жолооч нар хариуцлагажиж, хохирогч иргэд түргэн шуурхай нөхөн төлбөрөө гаргуулах боломжтой болно” гэх мэтчилэн зөв зүйтэй байсан ч хэрэгжүүлэх арга зам нь асуудал дагуулж тухайн үед маргаан дагуулж байсан юм. Тодруулж хэлбэл, жил гаруйн өмнө энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр “Машиныг даатгах уу, жолоочийн даатгах уу” гэдэг үзэл баримтлалын хэмжээний маргаан гарч байсан. Бүр тодруулбал, “Улсын хэмжээнд буй 500 гаран мянган тээврийн хэрэгслийг даатгах уу, эсвэл 772 мянган жолооны үнэмлэхтэй иргэнийг даатгах уу” гэх асуултын хариулт маргаантай байв.

“Машиныг даатгах нь даатгалын компаниудад илүү ашигтай, жолооны үнэмлэхтэй ч машингүй нь олон манай нөхцөлд жолоочийг даатгах нь олон хүнд дарамт болно” гэх зэрэг шүүмж гарч, Л.Гүндалай гишүүн “Осол гаргадаг нь машин. Иймд Германд машинд нь даатгал хийдэг. Хэрэв тэр даатгуулсан машиныг даатгуулсан л бол хэн ч бариад явж байсан хамаагүйгээр даатгалын компаниас нөхөн олговор төлдөг. Энэ хууль ядууст халгаатай хууль болчихно шүү. Дундаа ганц эксэлтэй гурван хүү нь ээлжлээд унадаг айл Монголд олон бий. Та нар шиг гражиндаа гурав дөрвөн машингүй. Жишээ нь, Гадаадаас Монголд нэг хүн түр хугацаагаар ирэхэд тэр хүн яах болж байна. Хоёр хоног машин унаад буцах тохиолдолд ч даатгал төлөх нь буруу биз дээ” гээд л шүүмжилж, үүнийг нь тухайн үеийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж “жолооны үнэмлэхтэй хүн бүр даатгуулах” заалтыг нь унагаасан юм.

Тухайн үед “ньюс.мн” энэ талаар “Хуулийн төслийг оруулж ирсэн Засгийн газрыг төлөөлж Ц.Нямдорж “энэ чинь мөнгө биш шүү дээ. Гар утасны ганц сарын төлбөрөөс ч бага мөнгөөр жилийн даатгал хийлгэх болно” гээд чуулганы өчигдрийн хуралдаан дээр магтан дуулав. Гэтэл энэ хэмжээнээс ч бага халамжийн мөнгөө авах гээд явган нүцгэн банкны гадаа хонож байгаа хүмүүс олон байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Жолооны үнэмлэхтэй байсных нь төлөө заавал биелүүлэх үүрэг оноох нь зөв гэж үү. Монголын энгийн гэр бүл дунд ганц машинтай хэд хэдэн жолоо барьдаг хүнтэй айл олон бий. Магадгүй хууль тогтоогчид олон машинтай цөөн ам бүлтэй өөрсөдтэйгээ адилхан байх хэмээн сэтгэсэн ч байж болох. Жолооны үнэмлэхтэй ч машингүй нь бол бүр олон” хэмээн бичиж байж. Хуулийн төслийг танилцуулсан Санхүүгийн зохицуулах хорооныхон чуулганы танхимаас “унасан” хуулийн төслөө аваад гарцгаахдаа “яах билээ, үзэл баримтлалын хувьд үндсээр нь өөрчлөлт хийхээр болчихлоо шүү дээ” хэмээн хоорондоо ярьцгаан явсан юм. Энэ чуулганы хуралдаанаас хойш “жолоочийг биш машиныг нь даатгахаар болжээ” гэх ойлголттой үлдэцгээв.

Харин дараагаар нь Засгийн газраас боловсруулан “алдаагаа засаад” орж ирсэн хуулийн төсөл нь бараг анхны санаагаа өөрчлөөгүй байв. Хэдийгээр “жолооны үнэмлэхтэй хүн бүр заавал даатгуулна” гэж хэлээгүй ч “хэрэв даатгуулаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй” гэх өөр нэг заалт оруулчихсан байв. Угтаа машиныг нь биш жолоочийг даатгана гэж зорьсон хууль санаачлагчид санасандаа хүрэв. Шүүмжилж байсан нь засраагүй, хэлбэрээ өөрчлөөд ороод ирснийг нь УИХ анзааралгүй, эсвэл анзаараагүй царайлан батлав.

Ингээд л “жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тээврийн хэрэгслийг нь журамлаж, журмын хашааны төлбөр авна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140 мянган төгрөгөөр торгох. Хэрэв даатгалтай боловч наалтаа наагаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140 мянган төгрөгөөр торгоно. Нэг тээврийн хэрэгсэлтэй гэр бүл даатгалын гэрээ байгуулахдаа машинаа дамжуулж барих жолооны үнэмлэхтэй гэр бүлийн гишүүдийн нэрийг бүртгүүлсэн байх ёстой. Уг бүртгэлд нэр нь орсон гэр бүлийн гишүүдийн нэг нь тухайн машиныг барьж яваад осол гаргасан тохиолдолд бусдад учруулсан хохирол төлөгдөх болно. Харин нэр нь даатгалын гэрээнд бүртгэгдээгүй хүн осол гаргасан бол хохирол төлөгдөхгүй” гэх агуулгатай хууль батлагдсан юм.

Дэлхийн улсуудад машинд эсвэл жолоочид даатгал ногдуулдаг хоёр арга бий. Уг нь машинд даатгал ногдуулах нь зүйтэй гэцгээж байсан ч яг батлагдахдаа жолоочид даатгал ногдуулахыг нь ийн сонгочихсон хэрэг.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж