Алеппогийн Хуучин хотын дүүрэгт байдаг захад өнгөрсөн баасан гаригт гал гарсан ч галыг унтраах хүн, хүчин байсангүй. Байлдагч талууд мина харвагч, автомат зэвсэг хэрэглэн тулалдсан нь гал гарах шалтгаан болжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийг хамгаалах төвийн захирал Кишора Рао (Kishore Rao) тулалдааны явцад Хуучин хотын амссан хохирлыг “асар их гарз бөгөөд эмгэнэл” хэмээн нэрлэсэн байна.
Хуучин хот нь XII–XVI зууны үеийн барилга байшин ихтэй бөгөөд ЮНЕСКО 1986 онд Дэлхийн соёлын өвд бүртгэжээ. Дайнаас өмнө тэнд жуулчид ихээр очдог байсан юм.
Ерөнхийлөгч Башар аль-Ассадын талынхан ба босогчдын хооронд сөргөлдөөн өнгөрсөн жилийн гуравдугаар сараас хойш үргэлжилж, нийт 27 мянган хүний аминд хүрээд байна.