
Цахим үнэмлэх тараах явц есдүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 69.5 хувьтай байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлж байна. Гэхдээ дүүрэг, хороод бүрт харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэдийн 80-аад хувь нь цахим үнэмлэхээ хүлээн авчээ. Хөдөө орон нутагт заримаас дурдахад, өмнөх сарын байдлаар Дорнод аймгийн сонгуулийн насны иргэдийн 77.4 хувь нь иргэний үнэмлэхээ авсан. Өмнөговь аймагт 63.4 хувь, Төв аймагт 33 хувьтай байна. Цахим үнэмлэхээр урьд нь иргэний үнэмлэхээр авч байсан банк, эмнэлэг, даатгал, боловсрол гээд нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг авах ажээ. Харин өнөөдрөөс эхлээд банкууд болон бусад үйлчилгээний газар зөвхөн цахим үнэмлэхээр үйлчилнэ гэсэн мэдээлэл байсан юм. Энэ талаар албаныхнаас тодруулахад, “Яг ч өнөөдрөөс цахим үнэмлэхгүй иргэдэд үйлчлэхгүй гэсэн захирамж байхгүй ч иргэд яаралтай цахим үнэмлэхээ авах хэрэгтэй байна” гэсэн хариулт өглөө.
Цахим үнэмлэхээ харьяа хорооноос авах бөгөөд ингэхдээ иргэний үнэмлэхээ авч очих ёстой. Хэрэв ямар нэгэн шалтгааны улмаас иргэний үнэмлэхгүй болсон бол /гээгдүүлсэн тохиолдолд/ иргэний бүртгэлээс лавлагаа авах, эсвэл төрсөний гэрчилгээгээ үзүүлж, бүртгүүлсний дүнд шинэ үнэмлэхээ авах ажээ. Хуучин үнэмлэхийг хорооны ажилтнууд хуулийн дагуу хайчилж, устгаж байгаа юм. Одоогоор цахим үнэмлэхний нэрлэсэн үнийг тогтоогоогүй байгаа бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд хэдэн төгрөгөөр дахин авах нь тодорхойгүй байгаа ажээ. Цахим үнэмлэхтэй холбоотой томоохон асуудлын нэг бол шилжилт хөдөлгөөн. Энэ тухайд, орон нутгийн сонгууль болтол ямарваа шилжилт хөдөлгөөнийг бүртгүүлэхийг хуулиар түр хориглосон байгаа юм. Тодруулбал, есдүгээр сарын 23-наас арваннэгдүгээр сарын 21-нийг дуустал шилжилт хөдөлгөөнийг бүртгэхгүй ажээ.
У.БОЛОР