Ховд аймгийн БОАЖГ-аас байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хамарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөн нээлттэй болсон бөгөөд Ховд хотын агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх ажлын талаар зөвлөлдсөн байна. Мөн Ховд хотод агаар их хэмжээгээр бохирдуулдаг эх үүсвэрт тооллого хийжээ. Үүнд жижиг оврын, стандартын бус нүүрсээр галладаг 100 гаруй, уурын зуух ашигладаг 51 аж ахуйн нэгж байгууллага байдаг гэсэн тоо гарчээ. Мөн Ус, цаг уур, орчны шинжилгээний лабораторийн хийсэн агаарын чанарын судалгаагаар Ховд хотын тоосонцрын хэмжээ Монгол Улсын стандартаас даруй ес дахин давсан судалгаа гарсан гэнэ. Иймээс мэргэжлийн байгууллагууд агаарын чанар сайжруулах бүс тогтоож, агаарын чанар сайжруулах хөтөлбөр боловсруулаад ИТХ-аар батлуулахаар болоод байгаа ажээ.
Э.САР