Морин хуурын чуулга тоглолтоо хийх нь. Гэхдээ ганцхан удаа биш гурван өдөр дараалан, гурван өөр тоглолтыг үзэгчдэдээ барих гэж байна. Өнгөрсөн долдугаар сарын 11-нээс хойш тоглолтоо хийгээгүй Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ жил 20 нас хүрч байгаа. 20 насны төрсөн өдрийн тоглолтыг удаан хүлээсэн үзэгчид санаа амарч болох нь. Тэд энэ аравдугаар сарын 9, 10, 12-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийх юм шүү. Өнөөдөр энэ талаараа албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр бас нэгэн сонирхолтой, баярламаар зүйл тохиосон нь “Мир даатгал” компани Морин хуурын чуулгатай таван жилийн турш хамтран ажиллах гэрээ байгуулсан төдийгүй чуулгын 34 уран бүтээлчийн дээл, гутал, малгайг шинэчилж уран бүтээлчдэд хүлээлгэн өгсөн юм. Шинэ дээл, гутал, малгайтай болсон уран бүтээлчид ч сэтгэл хангалуун байгаагаа тус компанийн хамт олонд илэрхийлсэн. Морин хуурын чуулга 20 насны төрсөн өдөртөө зориулж, 20 жил хамт байсан үзэгч, сонсогч нартаа зориулан олон ажлыг зохион байгуулаад байгаа юм.
Үзэгчдэд зориулан тоглолтын DVD, Best CD-гээ хэвлүүлж байгаа бол 20 жилийн түүхийг харуулсан баримтат кино, танилцуулга, зургийн цомог гээд олон сонирхолтой бэлгийг бэлтгэж байгаа гэсэн. Харин тоглолтын тухайд аравдугаар сарын 9-нд буюу ирэх даваа гаригт Монголын хөгжмийн зохиолчдын хөгжим, 10-нд дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээл, 12-нд хүндэтгэлийн гала тоглолт болно. Тасалбарын үнэ 20,000 төгрөг бөгөөд хэдийнэ захиалга аваад эхэлсэн байна лээ.
Морин хуурын чуулга 20 нас хүрч, удаан хүлээлгэсэн ойн тоглолт гурван өдөр болж, үзэгчидтэйгээ хамт баяраа тэмдэглэх гэж буй тус чуулгын уран бүтээлчдэдээ баяр хүргэе.