Исламизм ба хулгайн наймааны түшиц уналаа

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Исламизм ба хулгайн наймааны түшиц уналаа

Кенийн арми исламистуудыг Сомалийн Кисмайо хотоос хөөн гаргаж, “Аль-Каида”-тай адилтгадаг “Аш-Шабаб” бүлэгт томоохон ялагдал өгөв        

Кенийн арми Сомалийн өмнөд нутгийн томоохон хот Кисмайогоос “Аш-Шабаб” (залуу можехадууд хөдөлгөөн) бүлэглэлийн дайчдыг хөөн гаргалаа. Хоёр зуун мянга орчим хүн амтай энэ боомт хот исламын суурь үзэлтнүүдийн томоохон түшиц газар нь байлаа. Кисмайо хотын уналт нь 1991 оноос хойш үргэлжилж байгаа иргэний дайны төгсгөлийг эхлүүлж магадгүй юм.

Кенийн зэвсэгт хүчин Сомалийн өмнөд хэсгийн томоохон боомт бөгөөд хэдэн сарын дотор энэ Африкийн орны ихэнх нутгийг хянаж байсан “Аш-Шабаб” гэх исламын суурь үзэлтнүүдийн бүлгийн үндсэн бааз байсан хотыг бүрэн хяналтдаа авсан тухай өнгөрсөн баасан гаригт зарлав. Кенийн Зэвсэгт хүчний төлөөлөгч хошууч Эммануэль Чирчир зарлахдаа Могадиша хотоос өмнө зүгт орших 200 мянган хүнтэй Кисмайо бүрэн эзлэгдсэнийг баасан гаригийн орон нутгийн цагаар 14.00-д зарласан тухай Reuters мэдэгджээ.

“Төлөвлөгөөний дагуу “Лантуу” ажиллагааг явууллаа. Кисмайо бууж өгч, бидний хяналтад байна. Цэргийн бүх анги нэгтгэл эрүүл энх байгаа” хэмээн Чирчир өөрийн Twitter-т бичжээ.

Исламистуудын нууц байгууллагуудын орогнол болж байсан өмнөд нийслэл гэгдэх хот бараг тулалдаангүй эзлэгдсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Кенийн Нисэх хүчин ба байлдааны хөлөг онгоцнууд хотыг системтэйгээр пуужингийн болон их буугаар буудан “Аш-Шабабын” бараг бүх галын цэгийг устгаж, лалын дайчдыг хотыг орхин гарахад хүргэсэн байна.

Кисмайо хотыг эзэлсэн нь Африкийн энэ орны армийн бие даан явуулсан десантын анхны ажиллагаа болсныг Кенийн армийн төлөөлөгч онцолсон байлаа. Кенийн цэргийн анги нэгтгэл Кисмайо хотод далайн эргээс десант буулган хуучин нисэх буудлыг эзлээд командын баазаа болгосон ба Сомалийн Засгийн газрын цэрэг хотод гурван талаас нь довтолсон байна. Блогуудад цагаан арьстан цэргийнхэн довтолгоонд оролцсон гэж бичсэнийг хошууч Чирчир үгүйсгэжээ.

Хориод жил үргэлжилж байгаа иргэний дайнд оролцох болсноо Африкийн холбоонд туслан Африкийн эвэр гэх бүсийн нутаг дэвсгэрийг исламын нууц бүлэглэлүүдээс салгах хүслээр гэж Найроби албан ёсоор тайлбарладаг. 1990-ээд оны эхээр Сомалид цэргээ оруулсан Этиоп 2006 он гэхэд тус орны бараг бүх нутгийг эзэлсэн байв. Үүнийг олон улсын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн Сомалийн шилжилтийн Засгийн газрын хүсэлтээр хийсэн гэдэг. Шилжилтийн Холбооны Засгийн газар нь “Исламын шүүхүүдийн холбоо” гэх бас нэг суурь үзэлтний бүлэглэлтэй байлдаж байлаа. Харин 2009 оноос Этиопын арми Африкийн холбооны хязгаарлагдмал хүчний бүрэлдэхүүнд туслах үүрэг гүйцэтгэж ирэв. Холбооны хүчний үүрэг нь “Аш-Шабаб” бүлэгтэй тэмцэх явдал болсон байжээ. Тэдний гол хүч нь Уганда ба Бурундийн цэргийнхэн болсон ба өнгөрсөн тавдугаар сараас тэдний командлагчаар Угандагийн дэслэгч генерал Эндрю Гутти ажиллаж байгаа юм.

Энэ жилээс Кени интервенцид орж ирсэн юм. Тэд өөрсдийн хойд хилийг хамгаалахаас гадна Энэтхэгийн далайн эрэгт Сомалийн далайн дээрэмчдээс хамгаалагдсан шинэ боомт барих хүсэлтэй байгаа. Кенийн нийслэл Найроби хотод Кисмайогийн ажиллагааг эхлэхийн өмнөх долоо хоногуудад Холбооны шилжилтийн засгийн газрын элч нар, янз бүрийн омгийн төлөөлөгчид болон Африкийн холбоотой эзэлсэн орон нутагт шилжилтийн захиргаа байгуулах талаар эрчимтэй яриа хэлцэл явагдсан байна. Шилжилтийн захиргаанд  Засгийн газрын хамсаатан бүлгийн бүх төлөөлөгчид орж, Кенийн хяналтад байх юм. Түр захиргаа нь Сомалийн асуудлаар энхийн ээлжит бага хурал хийгдэх хүртэл ажиллах ёстой.
Гадны цэргийнхэн нэлээд эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. “Аш-Шабаб”-ын төлөөлөгч Кисмайо хот өнөөг хүртэл можехадуудын бүтэн хяналтад байгаа гэсэн. Гэхдээ л тэдний ихэнх нь нууц байдалд орсон бололтой. Тэр нь бүс нутагт партизаны дайн үргэлжилнэ гэсэн үг юм. Тэр довтолгооны лидерүүдийг нэг их зовоохгүй байна. “Хотод 500 орчим дайчид үлдсэн. Үүнийг бид мэдэж байна. Тэдэнтэй хайр найргүй тэмцэнэ. Тэр нь нэг их ээдрээ гаргахгүй гэж бид найдаж байгаа” хэмээн Шилжилтийн Холбооны Засгийн газрын төлөөлөгч шейх Ахмад Мадобе "The Daily Nation” сонинд ярьсан байв.

Гэхдээ кеничуудад хоорондын өрсөлдөөнтэй омгуудтай харилцааны  тэнцвэрийг олох шаардлагатай. Орон нутгийн омгийнхон Огаден омгийнхнийг тодруулах дургүй. Харин Мадобе тэндээс асуудал хараагүй бөгөөд омгийн дайн гэдгийг “үндэслэлгүй, хямдхан сурталчилгаа” гэж нэрлэжээ.

Өнгөрсөн онд “Аш-Шабаб”-ын дайчдыг хэдэн жил хянаж байсан Могадишагийн дүүргүүдээс болон хотын ойролцоох нутгаас шахан гаргасан ба үүнтэй зэрэгцэн хэд хэдэн тусгаар нутаг болсон Сомалийн эв нэгдлийн үйл ажиллагаа эхэлсэн байв. Лалын дайчдаас хэлмэгдсэн өөрсдийгөө тусгаар улс болгосон Жубаленд ба Пунтленд ч нийслэлийн төвд бэхэлсэн районыг л эзэлж байсан Холбооны Засгийн газрыг дэмжихээр болсон байна.

Энэ жилийн гуравдугаар сард Африкийн холбооны хүчин, Шилжилтийн Засгийн газар, тэдний холбоотон “Аль Сунна Уаляма"а” бүлгийн суфийн босогчид нийлээд исламистуудын эзэлсэн нутаг орныг бүслэн хааж чадсан байна. Бакул, Гедо мужуудыг хяналдаа авч Хиран ба Галгудудын хойд бүсийг тэд эзэлжээ. Есдүгээр сарын эхээр сонгогдсон Сомалийн ерөнхийлөгч  Хассан Шейх Махмудыг дэлхийн хамтын нийгэмлэг үг дуугүй дэмжиж байгаа.

Аш-Шабаб бүлгийн мэдэлд 2008 оны наймдугаар сараас хойш байгаа  Кисмайо нь исламистуудын барьж байсан хамгийн сүүлчийн том хот байв. Уг боомтоор дамжуулан тэд нүүрсний наймаа хийн багагүй орлого олдог байжээ. Чулуун нүүрсний хулгайн наймаа нь өнөөдөр Сомалийн үндсэн түлш болдог ба исламистуудын гол орлого болон тэдэнд сар тутам 1,25 сая ам.доллараар зэр зэвсэг, сум хэрэгсэл авахад нь тус болдог байжээ.  
 

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж