Орон нутгийн сонгуулийн шинэ хууль хөрсөн дээрээ хэрхэн бууж байгаа, барилгын ажил, аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийн биелэлт аймгуудад хэр байгаа талаар тэрбээр судалжээ. Бас УИХ-д намын жагсаалтаар сонгогдон орж суусан гишүүний хувьд парламентад төлөөлөлгүй байгаа Өвөрхангай аймгийн иргэдийн санал бодлыг сонсох, саяхан болж өнгөрсөн шүүх хуралтай холбогдуулж МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнххийлөгч асан Н.Энхбаярын асуудлаар иргэдийн байр суурийг сонсоод ирсэн байна.
Орон нутгийн сонгуулийн ирц бүрдэлтэд хөдөөгийн иргэд ихээхэн санаа зовж байгаа гэнэ. Сонгууль болох арваннэгдүгээр сарын 21-ний үеэр малчид малаа оторлоод явчихсан байдаг. Зарим нь сумын төвд сургуулийн хүүхдээ дагаад ороод ирдэг. Оюутнууд нийслэл рүү хичээл номдоо явчихсан байдаг тул сонгуульд оролцоход төвөгтэй, сонгуулийн хэсгийн хороодод ажиллах иргэд, цагдаагийн ажилтнуудын сонгуульд оролцох боломж тааруу зэрэг хүндрэл гарна гэдгийг сонгогчид хэлжээ.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-д орж ирж тангараг өргөх хүний асуудлаар О.Баасанхүү гишүүн мөн байр сууриа илэрхийлллээ. Түүний ярьж буйгаас үзвэл эвслээс Э.Батшугараар тангараг өргүүлэх бодлого барьж буй бололтой. Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэсэн шалтгаанаар СЕХ намын жагсаалтаас хассан. Гэтэл саяхан БХЯ-наас ирүүлсэн бичигт түүнийг цэргийн алба хаасан гэж үзсэн гэж О.Баасанхүү гишүүн хэллээ.
Тиймээс О.Баасанхүү гишүүн УИХ-ын гишүүнийхээ эрхийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Батлан хамгаалах яам, Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнуудыг дуудан оролцуулж энэ талаар мэдээлэл сонсох бодолтой байгаа гэлээ. “Иргэд сонгох, сонгогдох эрхийг эдэлдэг. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй л бол цагдаагийн байгууллага ард түмний эрхийг цензурдэн гацаах ёсгүй. Тиймээс эрх бүхий байгууллагынх нь мэдээллийг сонсох ёстой” гэж гишүүн хэлж байв.
О.Баасанхүү гишүүний хэлж буйгаар гишүүний тангараг өргөх магадлалтай Ц.Оюунбаатарын хувьд МАХН-ын гишүүн биш, Нам бусчуудын холбооны тэргүүн хүн юм байна. Тиймээс Э.Батшугараар тангараг өргүүлэхээр эвсэл ерөнхийдөө шийдэж буй бололтой.
Гишүүнийг Хархоринд очиход Эрдэнэзуу хийд харх, үлийн цагаан оготно хоёрт баригдсан байдалтай байсныг эцэст нь мэдээллээ. Дэлхийн өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, орон нутгийн засаг захиргаа гэсэн гурван байгууллага хариуцдаг Эрдэнэзуу хийдийн соёлын үнэт өв, музейн үзмэрүүдэд устах аюул нүүрлээд байгааг сэрэмжлүүлсэн юм. Мөн Булган аймагт Дулааны станцын асуудлаа шийдээгүй байж айлын хашаа дамнуулан шоронгийн барилга барьж буйг анхаарууллаа.