Микроны зогсоолын хажуу дахь арав гаруй метр хашааг микроны жолооч, кондукторууд өмчлөн авч, өөрсдийн “төлбөргүй 00” болгосон нь энэ гэнэ. Төлбөргүй жорлонтой хөршлөн арав гаруй найман нэрийн дэлгүүр байрлах бөгөөд өдөрт гурван мянга шахам өрхийн иргэд энэхүү автобусны буудалд бууж, микроныхны ялгадсыг үнэрлэдэг гэж төсөөлөхөд бэрх санагдав.
“Төлбөртэй 00”-ийн эзэн өвөө “Манай хашаа руу микро ч гэлтгүй, том оврын атобусны жолооч, кондукторууд шээгээд хүчрэгдэхээ больсон. Модон хашаа болохоор илжрээд, өмрөн унаад байхаар нь арга ядаад төмөр хадсан ухаантай. Одоо өвөл дөхөөд гайгүй л байна. Зуны халуунд бол үнэр танар ч гэж тэсэхэд бэрх шүү дээ” гэсэн юм.
Эцсийн буудлын зам дагуух ус зайлуулах жалганд ёстой байхгүй юмгүй. Барилгын материалын хог, үхсэн нохойн сэг зэм, шар айрагны шил, цаасан хайрцаг, өнгө өнгийн гялгар уут бултаараа холилдон “найрсана”. Ажиглахад, энд тэндээс хийсч ирсэн шинжгүй бөөнөөрөө “орших”-ыг бодвол эндхийн хүмүүс хог хаягдлаа цуглуулаад хүний нүд хариулан хаядаг бололтой. Яг засмал замын хажууд овоолсон хогийг шатааж, тэр хавьд ер бусын үнэр ханхалж, өөрийн эрхгүй хамраа дарж алхсаар төд холгүй орших 16 дугаар хорооны байранд очиж, хорооны зохион байгуулагч Н.Оюунцэцэгээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Танай хороонд хэр удаж байж хог ачдаг вэ?
-Манай хороо нийт 2694 өрхтэй, 11198 хүн амтай. Тохижилт, үйлчилгээний компани сар бүр айлуудын хогийг ачиж байгаа.
-Энэ хавийн айлууд хоёр сар хог ачсангүй гэж байна. Нийт хэдэн машин эдгээр айлын хогийн ачдаг вэ?
-Нэг л машин ачдаг юм. Ганцхан машинаар нэг ачигч 2694 айлын хогийг ачиж байгаа болохоор жаахан удаж байж ч магадгүй.
-Зам дагуух, гудамж дундах суваг, шуудуу, жалга бүгд л хогоор дүүрсэн харагдлаа. Та бүхэн үүнд ямар нэгэн арга хэмжээ авдаггүй юм уу?
-Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх 10 эко эргүүлийг санхүүжүүлэн ажиллуулж байсан. Сүүлдээ санхүүжилтгүй болсон гээд ажилууллахаа больсон. Эко эргүүлүүд үерийн далан, ус зайлуулах хоолой, жалганы хогийг ямар ч байсан нэг их овооруулахгүйгээр цэвэрлээд байдаг байсан. Бидний зүгээс иргэдийг уриалж, хамтаар хогоо цэвэрлэе гэхэд гарч ирж, гудамжныхаа хогийг цэвэрлэдэг ухамсартай хүн байхгүй байна шүү дээ.
-Танай хороонд орших эцсийн буудлыг “Микроныхны 00” гэж нэрлэдэг бололтой юм?
-Өнгөрсөн жил бид микроны жолооч, кондукторуудтай уулзаж, сануулж байсан санагдаж байна.
Ийм л хариулт авлаа…