Сайд Л.Болд Японд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд Японд айлчилж байна

Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Гэмбагийн урилгаар Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичид бараалхаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Сайтотой уулзав. Сайд Л.Болд Японы талд шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын зорилтуудыг танилцуулж, ирэх жилүүдэд Японтой хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов. Монгол, Японы харилцааг бүхий л салбарт стратегийн түншлэлийн төвшинд өргөжүүлэн бэхжүүлж, нэн ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг хоёр тал харилцан нотлов.

Гадаад харилцааны сайд Л.Болд Японы “JICA” байгууллагын дэд Ерөнхийлөгч Х.Доомичи болон “Мицуи Буссан”, “Иточү”, “Сүмитомо”, “Сожицү”, “Софтбанк” компанийн удирдлагуудтай уулзаж, ярилцав. Японы байгууллага, пүүс компаниудын зүгээс Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн хэлхээ холбоогоо нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг сайд Л.Болд талархан хүлээн авч, хувийн хэвшлийн харилцаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих замаар хоёр орны эдийн засгийн харилцааг ойрын жилүүдэд шинэ шатанд гаргах нь чухал болохыг тэмдэглэв.

Түүнчлэн Сайд Л.Болд “NHK” телевиз, “Нихон кэйзай” сонинд тус тус ярилцлага өгөв. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх хорооноос Гадаад харилцааны сайд Л.Болдыг хүндэтгэн, хүлээн авалт зохион байгуулав. Сайд Л.Болдын айлчлал үргэлжилж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж