Лалын сүсэгтэн 5000 орчим хүн Индонезийн нийслэл Жакарта хотноо өчигдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Шалтгаан нь лалын шашныг гутаан доромжилсон утга агуулга бүхий гэгдэж буй “The Innocence of Muslin” гэх кино гэнэ. Жагсаал Жакарта дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна болсон байна. Элчингийн байрыг хэдэн зуун цагдаа хамгаалалтдаа авсан байсан бөгөөд жагсаал харьцангуй тайван болж өнгөрчээ.
Их зөнч Мохаммедын тухай киног эсэргүүцсэн ийм төрлийн жагсаал лалын шашинтай орнуудад нэг бус удаа гарсан. Хамгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан газар бол Египет, Йемен юм. Түүнчлэн Судан, Тунис, Пакистан болон Бангладешид ч мөн иймэрхүү эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Мөн Ливийн Бенгази хотод жагсагчид АНУ-ын Консулын газар руу дайрч, Элчин сайд болон бусад гурван хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Ш.МЯГМАР