Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын “бусад” гэсэн хэсэгт Нийслэлийн нутаг дэвсгэрт газар олгох, хот төлөвлөх хууль эрх зүйн орчныг тусгаж, УИХ-аар нэн яаралтай шийдүүлэхээр болжээ. Ирэх лхагва гаринт АН-ын бүлгийг хуралдуулж, Сангийн сайд, бусад албаны хүмүүсээс Монгол Улсын 2013 оны төсөв, мөнгөний бодлогын асуудлаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ. Ирэх оны төсөвт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, дотоодынхоо хэрэгцээг монгол хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоогоор 100 хувь хангах, түүний үнэ тарифыг дэмжих зэрэг асуудлыг тусгахаар ярилцсан гэлээ.
Намрын чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Намын бүлгүүд завсарлага авах хугацааг хэрхэн хязгаарлахыг мөн Дэгийн хуулиар шийдэхээр болжээ. Завсарлага авах дээд хугацааг тав хоног гэж төсөлд тусгасан ч эцэслэн шийдээгүй байгаа юм байна.
Төсөв, мөнгөний бодлого хэлэлцэхээс өмнө УИХ-д МАН-ын бүлэг байгуулах боломж байгаа эсэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын бүлэг байгуулах нь төсөв, мөнгөний бодлоготой хамаатай амин чухал асуудал биш. УИХ-ын дэгийн тухай хуульд багц өөрчлөлт оруулна. Тэр дотор бүлгийн асуудлыг тусгана. АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл, бие даагч гишүүд хамтарч УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа. Цөөнх олонхийн өмнөөс ёс суртахууны үүрэг хүлээхгүй. Мөрийн хөтөлбөрөө олонх хэрэгжүүлнэ” гэлээ.
Орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг яагаад тусгаагүй талаарх асуултад АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хариуллаа. Тэрбээр “Орон нутагт эмэгтэйчүүд нэр дэвших хувь өндөр байдаг. Барагцаалбал 70-80 хувьтай. Орон нутагт эмэгтэйчүүд ялалт байгуулж дүүрэг, сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох үзүүлэлт 40-50 хувьтай байдаг.
Нийслэлийн хувьд хөдөө орон нутгийг бодвол эмэгтэйчүүд нэр дэвших нь арай цөөн. Гэхдээ өмнөх сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшигчдийн 60 хувь нь эмэгтэй, тэдний 25 хувь нь ялалт байгуулсан. Орон нутгийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч өндөр хувьтай байдаг тул квот тусгаагүй” гэлээ.