-Намрын чуулган эхэлж байна. Анхдугаар чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулав?
-УИХ-д нэр дэвшиж байгаа хүн яах гэж, юуны төлөө вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Тиймээс ч гишүүн бүрт өөрийн зорилго байх ёстой. Жишээ нь, миний хувьд анхнаасаа Монгол оронд ардчиллыг авчрахын тулд тууштай тэмцэж ирсэн. Ардчилсан парламентийн засаглалтай байгаасаа гэж хүсч, мөрөөдөж явсан. Миний харж байгаагаар Монголд ардчилал эргэлт буцалтгүй тогтжээ. Гэхдээ үүнийг цаашид улам баталгаажуулахын тулд иргэд нь өөрсдөө эдийн засгийн эрх чөлөөтэй байх ёстой. Тиймээс иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг нь боломжийн хэмжээнд олгохын төлөө ажиллая гэж би нэгдүгээрт зорьсон.
Хоёрдугаарт, би аавынхаа, өөрийнхөө төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт их зүйл хийе гэж бодож, зорьж явдаг. Гишүүн болохоосоо өмнө ч хийсээр байсан л даа. Гэхдээ УИХ-ын гишүүн болчих юм бол тэр боломж нь илүү дээшлэх болов уу. УИХ-ын гишүүний бүрэн эрх, боломжийг Үндсэн хуулиар маш өргөн олгосон. Энэ бүгдийг нутаг орныхоо хөгжилд чиглүүлж, ашиглаж чадвал дорвитой зүйл хийчих болов уу гэсэн хоёр зорилтыг тавьж УИХ-ын гишүүн болсон.
Анхдугаар чуулган УИХ-аа байгуулахаас эхэлдэг. Гишүүний хувьд энэ ажилд гар бие оролцсон. Ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол болоод ард иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд олон асуудлыг шийдсэн. Орон нутгийн сонгуулийн тухайн хуулийг хэлэлцэж, батлахад оролцлоо. Түүнчлэн хоёр ч ажлын хэсэгт орж ажиллалаа. Лав зүгээр суусангүй ээ.
Хэдийгээр Сүхбаатар аймаг алслагдсан боловч хэд хэдэн удаа нутаг руугаа яваад ирлээ. Энэ мэтчилэнгээр өөрийгөө нэлээд идэвхтэй ажиллаад байна уу гэж дүгнэж байгаа шүү.
-Анхдугаар чуулганаар УИХ-аа байгууллаа. Гэхдээ энэ асуудал нэлээд ээдрээтэй байлаа. Та үүнийг ямар байр сууринаас харж байв?
-Ямар ч сайн хүнийг нэг албан тушаал дээр удаачихвал эвдэрдэг, сулардаг. Сулрахаас гадна байр сууриа хувьдаа ашигладаг, аливаа асуудлаас хойш суудаг. МАН, МАХН-ыг хараад байхад олон арван жил тасралтгүйгээр улс орныг удирдчихсан, ард иргэдээсээ өөрсдийгөө тусдаа авч үздэг, үе дамжсан дарга нарыг бий болгодог болчихсон байна. Өөрсдийгөө бүр хуулиас дээгүүр, бурхад мэт ойлгочихжээ. Тиймээс энэ удаа цөөнх болж, эрх барих эрхээ алдахад тийм амар биш байх шиг байна. Ямар ч байсан ойрын хоёр, гурван сардаа гайгүй тогтох байлгүй дээ.
-Та хоёр зорилготой гэлээ. Ардчилсан Засгийн газар гарсан учир таны зорилго биелэхэд нэлээд хялбар болох байх даа?
-Сүхбаатар аймгийн АН-ын хувьд орон нутгийн сонгуульд хоёр ч удаа ялалт байгуулж байлаа. Эхний ялалтад иргэд АН-ын дэмжсэн боловч төрийн зохицуулалтаар нөгөө тал ялсан. Дараагийн буюу 2008 оны сонгуулиар бидэнд дахин итгэл өгсөн. 2012 оны сонгуулиар мөн бидэнд эрх өглөө. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай аймаг үсрэнгүй хөгжилд хүрч чадсан. Өнөөдөр хөдөөгийн хөгжил, сууршьмал газруудыг хэрхэн хөгжүүлэх талаар бид улсдаа жишиг болж байна. АН-ынхан засаг авахаараа ингэж хийж чаддаг юм шүү гэдгийг Сүхбаатар аймагт очсон хүн бүр амнаас ам дамжин ярьж байна. Өнөөдрийн шинэ Засгийн газрын харахад хөдөө нутаг руу чиглэсэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэдээ Сүхбаатар аймгийг хөгжүүлсэн биднийг туршлагыг авахыг эрмэлзэж байгаа. Тиймээс нутаг орноо хөгжүүлье гэсэн зорилготой л бол энэ удаагийн засгийн газрын бодлого бүрэн нийцэж байгаа. Юм хийе гэсэн бүхнийг ардчилсан Засгийн газар дэмжих юм байна гэсэн мэдрэмж төрж байгаа.
-Сүүлийн дөрвөн жил Сүхбаатар аймаг ямар байдлаар хөгжсөн юм бэ?
-Наад захын жишээ хэлэхэд, манай аймгийн бүх сум гэрэл цахилгаан, өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон. Улаанбаатарт хоёрхон байдаг “Тэнгис”, “Өргөө” гэх кино театруудаас ч том кинотеатр манай аймагт байна. Түүнчлэн улсдаа анх удаа олимпийн стандартыг хангасан, олон улсын уралдаан тэмцээн явуулах бололцоо бүхий усан бассейн барих гэж байна.
Түүнчлэн аймгийн бүх айл өрхийг халуун, хүйтэн ус, төвлөрсөн халаалтын систем, бохирын шугамд холбох ажлын эхлүүлээд байна. Э.Бат-Үүл баатар “Газар” хөдөлгөөн байгуулж, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох ажлыг эхлүүлэхийн өмнө Сүхбаатар аймагт очиж, бидний хэрэгжүүлсэн төсөлтэй танилцсан. Ингэхдээ айлд орж цай уугаад тэр бүгдийг хараад уулга алдаж, бараг сандал дээрээсээ ойчиж байсан. Яагаад гэвэл гэр хороололд амьдардаг хүн нүдэн дээр нь хананаасаа халуун хүйтэн ус авч байсан болохоор тэр. Одоо бид цаашид энэ ажлаа улам л бэхжүүлэхийн төлөө ажиллана.
-Таныг АН гэхээсээ илүүтэйгээр ИЗН-ын гишүүн гэдгээр олон хүн мэднэ. Яагаад намаас нам дамжсан сонголт хийсэн юм бэ?
-Би оюутан байхаасаа ардчиллын үйл хэрэгт оролцож эхэлсэн. Турхайн үеийн улс төрийн дөрвөн том хүчний нэг нь Ардчилсан оюутны холбоо байлаа. Тэр үед оюутнуудаа манлайлж, анхны оюутан ерөнхийлөгч ч болж байлаа. 2004 онд улс төрийн шинэ тоглолтууд өрнөж, С.Оюуны ИЗН-аас маш олон хүн “Эрэл”-ийн Эрдэнэбатын нам руу явсан. Ингэж зохион байгуулалттайгаар С.Оюуныг ганцаардуулах үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Дээрээс нь ИЗН-ын либерал үзэл санаа нь монгол орны хөгжлийг зөв тодорхойлох ёстой гэдэг байсан. Энэ бол нийгмийн том зорилт гэхээсээ илүүтэйгэрэ хүн бүр, дор бүрнээ ажилтай байж гэмээнэ сайхан амьдарна гэсэн эдийн засгийн чөлөөт тогтолцооны тухай үзэл санаа юм. Тиймээс би энэ үзэл санааг дэмжиж ИЗН-ыг дэмжиж орж байлаа. Нөгөө талаас С.Оюундаа хань болъё гэж бодсон.
-Та АН, ИЗН-ыг нэгдэх ёстой хэмээн ярьдаг. Яагаад ингэх ёстой гэж?
-ИЗН, АН-ууд нь үзэл санаа, үйл ажиллагааны нэг чиглэлтэй нам гэдгийг би өнгөрсөн хугацаанд байнга олон нийтэд ил хэлдэг байсан. Улмаар хоёр нам нэгдэх ёстой гэдгийг ч хэлж ирсэн. Тиймээс ч бусдадаа үлгэрлэж, үйлдлээрээ үзүүлэхийн тулд өөрөө түрүүлж АН-д орсон. Тиймээс ойрын ирээдүйд хоёр нам маань нэгдчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
-Цаашид та хоёр намаа нэгтгэх асуудалд ямар нэг алхам хийх үү?
-Ингэхийн тулд АН идэвхи санаачилгатай байх ёстой. Ардчиллын төлөөх намууд хэдий чинээ нэгдмэл хүчтэй байна төдий чинээ ардчилал бат бэх байна. Тиймээс энэ чиглэлд АН ИЗН болон бусад намуудтайгах хамтрах ёстой гэж үздэг. Ингэснээр ардчилал дотроосоо бэхжих учиртай.
-Гэхдээ тухайн үед танд АН-д элсэх нь гишүүн болох магадлалыг илүү ойртуулж байсан учир тийм сонголт хийсэн үү?
-АН руу орох үйл явцыг Сүхбаатар аймгийн ИЗН-ын гишүүд толгойлсон юм шүү дээ. Би ааваасаа хойш нутагтаа байлаа. Энэ үед УИХ-д нэр дэвших хэрэгтэй юм байна гэж манай ИЗН-ын гишүүд үзсэн. Ингэхдээ ардчиллын нэгдмэл байдлаас орохгүй бол болгохгүй гэж үзээд манай намын нэлээд олон гишүүд АН-д орсон юм.
-Өмнө нь та УИХ-ын гишүүн байсан. Гишүүн байхдаа таны хийсэн зүйл юу байна вэ?
-2004 онд гишүүнээр нэр дэвшихдээ үндсэн ганц зорилготой байлаа. Тухайн үед Монгол улс ардчиллаас бүрэн ухарчихсан, хэвлэл мэдээллийнхэн амаа үдүүлчихсэн, нэг хүнийг дахин шүтсэн, бараг хаанчлал тогтсон үе байсан. Тиймээс би ардчиллаа хамгаалахгүй бол болохгүй юм байна гэж үзэж сөрж гарч ирж байсан. Миний ээжийн нутаг болох Дорнод нутгийнхан надад итгэж, илт давуугаар ялуулсанд өнөөдөр хүртэл баярлаж явдаг. Гишүүн байсан дөрвөн жил, түүний дараагийн дөрвөн жилд ч Дорнод нутагтаа их зүйлийг хийсэн. Хийнэ, бүтээнэ гэсэн зүйлсээ бүгдийг нь хийсэн гэж бодож явдаг.
-Таныг “Бодь” группын ерөнхийлөгч гэдгээр мэдэх хүмүүс олон. Энэ удаагийн сонгуулиар бэлтэй хүмүүс олон орж ирлээ гэх шүүмжлэл бий. Та үүнд юу хэлэх вэ?
-Бизнес нь амжилттай яваа хүмүүс нийгэмдээ үргэлж тэргүүлэгч байдаг. Ажилсаг, олныг бодож, ойлгож, мэдэрч явдаг хүмүүс шүү дээ. Энэ утгаараа бизнесийн салбараас гарч ирж байгаа хүмүүсийг их чадалтай гэж би хардаг. Бизнес хийж байгаа хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд орж байдаг учир улс орныхоо болохоос болохгүйг нь мэдэрчихсэн байдаг юм. Тэдний монголоо хөгжүүлэх гэсэн хувь нэмэр насаараа төрийн алба хаасан хүмүүсээс ч илүү байдаг.
Нөгөө талаас манай сонгуулийн тогтолцоо УИХ-д өрсөлдөхөд их хэмжээний мөнгө шаарддаг. Хэрэв 100 хувь пропорциональ байсан бол олон янзын мэргэжилтэй хүмүүс орох бололцоо бүрдэх байсан. Гэтэл мажоритар нь давамгайлсан учир тойрогт нэр дэвшсэн хүн өөрийгөө бусдад таниулахын тулд их хэмжээний мөнгө шаардлагатай болдог. Сонгуулийн хугацаанд хоёр удаа тойргоо тойрно гэдэг нь шатахуунаас авахуулаад маш их мөнгө хэрэгтэй. Жирийн нэг багш тийм их мөнгийг гаргаж чадахгүй. Тиймээс улс төрийн намууд мажоритар тойргуудад амжилт олохын тулд ядаж сонгуулийнхаа тойргийн мөнгийг хийгээд явчих мөнгөтэй хүнийг өөрийн эрхгүй эрэлхийлдэг. Энэ мэт олон нөхцөл байдал байдаг тул бизнесмэн гэхээсээ илүүтэйгээр ажил хэрэгч хүмүүс улс төрд орж ирж байна гэж ойлгох хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн байна гэдэг их боломж гэж та ярианыхаа эхэнд хэлсэн. Магадгүй тэр боломжоо бизнестээ ашиглах асуудал гарах юм биш биз дээ?
-Улстөрч болно гэдэг олны нүдэн дээр амьдрах замыг сонгож байна гэсэн үг. Хөрөнгө орлогоос авахуулаад хувийн амьдрал нийтэд ил тод болно. Энэ утгаараа улстөрч байна гэдэг тийм амар зүйл биш. Миний алхаа, гишгээ, хөдөлгөөн бүрийг иргэд мэдэж байгаа. Тухайлбал, би твиттер, фэсбүүкээр дамжуулж хаана юу хийж яваагаа байнга мэдээлж байдаг. Бүр чуулгандаа сууж байгаа эсэх нь телевизээр шууд харагдчихаж байгаа шүү дээ. Сонгогчид бүү хэл ээж маань хүртэл намайг ширээнээсээ босоод явангуут утасдаад “Хаашаа гарах гэж байна. Буцаад суу” гэж байсан удаа бий. Ингэж нэгэнт улс төрийн амьдралыг сонгосон хүн өөрийн эрхгүй иргэдийнхээ хяналтад ордог. Мэдээж өөр бодол өвөртөлж гарч ирсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг хаах олон хуулиуд бий гэдгийг санах хэрэгтэй.
-Ер нь таны бизнес хэрхэн эхэлж байсан бэ?
-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл намайг ид залуу байхад Монгол ардчилсан улс боллоо. Энэ бол иргэн бүрийг чөлөөтэй хөгжих боломжийг нээж өгсөн явдал. Хоёрдугаарт, би их сайхан найз, нөхөдтэй. Гадаад харилцааны сайд Л.Болд, “Голомт” банкны Баясгалан нар бол миний түшиг тулгуур. Бид гурвын нөхөрлөл, өнөөдрийг хүртэл туулж ирсэн цаг хугацаа байнгын тасралтгүй хөдөлмөрийн дунд явж ирсэн. Бид аливаа асуудал, бизнестээ хандахдаа үр өгөөж, ашгийг харах гэхээсээ илүүтэйгээр цаашид хүмүүст хүрч байгаа хүртээмж ямар вэ гэдгийг л боддог. Дээрээс нь мэдээж бидний хобби байна. Ажлынхаа үр дүнг харна гэдэг юутай ч зүйрлэшгүй таашаал. Үүнийг ямар ч мөнгөтэй харьцуулашгүй. Тиймээс дээрх хоёр зүйлийг л би бизнесийн амжилт байсан гэж хэлнэ дээ.
-Одоогийн амжилттай ажиллаж байгаа бизнесмэнүүд ганзгын наймаа хийж хөл дээрээ босч байсан гэдэг. Та гурав мөн ийм байдлаар эхэлж байв уу?
-Тэр үеийн бизнесийнхний хөл дээрээ боссон гол зүйл нь үүргийн наймаа. Уг нь бид гурав үүнийг хийх гэж оролдсон боловч чадаагүй. Үүнээс хойш энэ талаар бодохоо больсон. Ер нь “Бодь” группын хийдэг бизнесийн чиглэл, арга барил, философи нь бусад компаниудаас өөр байдаг гэдгийг хүмүүс мэднэ дээ. Бид дандаа оюуны багтаамж ихтэй бизнесийг сонгож авсан учир бусад компани группээс ялгагдах онцлог нь тэр.
-Аав тань олны танил хүн байсан. Та аавынхаа тухай дурсахгүй юу?
-Миний аав Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрж өссөн. Амьдралын боломж нэлээд муу байсан болохоор өдөр хоногийнхоо хоолыг олохын тулд айлын мал хариулдаг байсан гэдэг. Тухайн үед төрөөс албан хүчээр 1-4 ангид сургасан нь хожим аавын маань үйл хэрэгт чухал нөлөө үзүүлсэн байдаг. Үүнээс хойш хоёр жил айлын мал малласан ч зургадугаар ангид орох насандаа айлаасаа оргож, Дорнод аймгийн сургуульд орсон байдаг. Аравдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт ирж, анагаах ухааны их сургуульд сурч төгссөн юм. Тэр үедээ амьдрахын эрхэнд оёдол, мужаан гээд хийгээгүй зүйлгүй байсан гэдэг. Энэ их тэмцлийн үр дүнд өнөөдрийн бидний амьдрал бий болсон. Тиймээс бид ааваараа үргэлж бахархаж явдаг. Аав маань зөвхөн бидний төдийгүй эрүүл мэндийн салбарт мэргэжлийн өвчин судлалын бие даасан салбарыг бий болгосон хүн. Энэ салбартаа анхны доктор хүн дээ. Бид аавынхаа үйл хэргийг мөнхжүүлэх, хийсэн зүйлийг нутаг усныхан нь мэддэг байгаасай гэж бодсоны үндсэн дээр “Мөнхчулуун” сан байгуулж, мэргэжлийн өвчин судлалын салбарыг мэргэжилтэн бэлтгэх, Сүхбаатар аймгийн хөгжлийн төлөө нэлээд зүйлийг хийж байна. Аав маань биднийг дээрээс харж баярлаж байгаа гэж итгэдэг.
-Та тийм учраас анх Дорнод аймгаас нэр дэвшсэн юм уу?
-Дорнод аймгаас нэр дэвшсэн шалтгаан нь С.Оюун “Хүүхэд жаахан байна. Хөдөө явж чадахгүй нь. Зоригоо чи яв” л гэсэн байхгүй юу. Дарга хэлсэн болохоор явахаас өөр арга байгаагүй. Нөгөө талаас миний ээж Дорнод аймгийн матад сумын хүн байсан учир тэгье гээд л явсан. Харин сая Сүхбаатар аймгаас нэр дэвшихдээ ааваасаа хойш нутагтаа амьдарч хөгжил, бүтээн байгуулалтын ажилд тодорхой хэмжээнд гар бие оролцсон тул өөрөө зорьсон гэх үү дээ.
-С.Оюун гишүүнтэй “нэг ангид” орчихлоо. Намаас нь гараад өөр намд ороод УИХ-д суучихлаа. Танд ер нь хэр ханддаг вэ?
-Намайг Сүхбаатар аймагт яагаад амьдраад байна, яагаад энэ аймгаас нэр дэвших болов гээд С.Оюун бид хоёр байнга холбоотой байдаг, их дотны найзууд л даа. С.Оюун бол хүмүүсийн дотоод сэтгэлийг их сайн ойлгодог хүн. Миний хийж байгаа үйлдэл, сонголт бүрийг дэмждэг. Тэр ч бүү хэл бид хоёр туслахуудаа дундаа ажиллуулдаг. Туслахууд маань ажил үүргийн хувьд бид хоёрын дунд л явж байдаг юм.
-Хоёр намын нэгдлийн талаарх таны саналыг С.Оюун гишүүн хэр хүлээж авдаг юм бэ?
-С.Оюун гишүүн хэзээ ч “Зоригоо чи үүнийг битгий яриач, орхиоч” гэж хэлж байгаагүй. Энэ ч утгаараа нэгдэх асуудлыг учир зүггүй дэмжээд байх нь юу юм. Гэхдээ намайг ийм бодолтой явдгийг хүндэтгэж үздэг.
Эх сурвалж: ”ӨДРИЙН СОНИН”