Зүй ёсны асуулт бол мэдээж хэрэг эдгээр барилгыг өдий хүртэл сүндэрлүүлчихсэн байхад мэргэжлийн хяналтын байгууллага хаана байсан бэ гэсэн асуулт. Бодит байдал дээр бол үнэндээ ямар нэгэн барилга дор хаяж дөрвөн давхар баригдсаны дараа л Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын хараанд өртдөг гэнэ. Ийн хараанд өртсөн бол нэг удаа мэдэгдэх хуудас төдийхөн хүргээд өнгөрдөг гэх. “Шийдчихсэн” барилгын эздийг мэргэжлийн хяналтын байгууллагаас “шидсэн” ч мэдэгдэл төдий цаас айлгах нь юу л бол. Айхгүй байх нь ч зөв. Монголд хэрэгжиж буй хуулиар зөвшөөрөлгүй барилга барьсан тохиолдолд хоёр сая төгрөгөөр торгодог. Багадаа л арав гаруй давхар барилга бариулж байгаа бяртай эздэд хоёр сая төгрөгийн торгууль бол улсын байцаагчдыг олон өдөр цайлж дайлан, гарыг нь цайлгаснаас хялбар байх нь тодорхой.
Онигоо: Барилгын эзэд ярьж байна
-Энэ мэргэжлийн хяналтын байцаагч нар ходоодоо пааландуулчихдаг юм шиг байнаа хө.
-Яагаад тэр вэ?
-Хөгшин нь нэг барилга нууцаар бариулж байгаа юм аа. Тэгээд тэрийгээ хав дарах гээд улсын байцаагч нөхрийг дөрвөн хоног архидуулж байж чимээгүй өнгөрөхөөр боллоо. Бие гэж ёстой нэг төмөр юмаа.
Онигоо ортой гэдэг. Үүнийг батлах гээд оролдъё. “Тэнгис” кино театрын урдхан талд баригдаж байгаа барилгаас бэхэлгээний төмөр унаж, 25 настай залуугийн амь эрсэдсэн. Дэндүү эмгэнэлтэй энэ хэргийн дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар К.Пүрэв гэгчийн 16 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг зөвшөөрөлгүй барилгын жагсаалтаас бултуулж чадсан нь баригдсан. Ид хийж бүтээх насандаа хорвоогоос одсон залуугийн амиар энэ хэрэг илэрсэн нь даанч харамсалтай. Энэ талаар НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очир “Энэ барилга дээр манай байцаагч нэг удаа очиж байсан. Гэхдээ ажилчдын малгай, бээлий зэргийг шалгасан болохоос биш зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт том баригдаж байсныг нь анзаараагүй гэсэн. Тэгээд нэг удаа 250 мянгаар торгосон шүү дээ. Харин осол болохоос дөрөв хоногийн өмнө л зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдсэн. Гэхдээ бид бичиг цаасаа эргүүлэн харж байлаа. Энэ хооронд энэ осол болж хүний амь эрсэдчихлээ” гэх тайлбар өгсөн. Энэ мэтээр хүний амь эрсдэх бүрт зөвшөөрөлгүй барилгын тоо хэдээр нэмэгдэхийг хэн ч таашгүй.
Есдүгээр сар гарснаас хойш гэхэд л хөдөлмөр хамгаалалт хангаагүй барилгын үйл ажиллагаанаас болж гурван хүн амиа алдаж, таван хүн хүндээр бэртээд буй. Энэ хариуцлагыг хэн үүрэх вэ?
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Угтаа бол НМХГ аливаа зөвшөөрөлгүй эхэлсэн, баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг хянах, түр зогсоох, таслан зогсоох, шаардлагатай бол нураах ч эрхтэй” гэсэн. Гэтэл МХЕГ-ын дарга Р.Содхүү, НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн нар дээрх эрхээ мэдэхгүй гэж мэдэн будилсаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүргээ биелүүлэх нь байтугай эрхээ ч мэдэж амжаагүй халаасаа зузаалсан хоёр даргыг ажлаас нь халаад л өнгөрлөө. Халагдахдаа харин тэд дуугүй байсангүй. МХЕГ-ын дарга асан Р.Содхүү “Ер нь зөвшөөрөлгүй барилгуудыг дүүргүүдийн Засаг дарга нар бас хариуцах ёстой. Тэдний нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа юм чинь” гэж сэтгүүлчдийн өмнө ам бардам дуугарна лээ.
НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаа хийж чадаагүй, үүргээ мэдсэнгүй гэж үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай нийслэлийн Засаг даргын тушаал гарсаар байтал МХЕГ-аас “Өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө” гээд толгойг нь илээд явуулсан гэх. Харин барилгын компаниуд хохирогчдын ар гэрт цөөн хэдэн төгрөг өгөхөө мэдэгдэж, хэвлэлийн бага хурал зарлаж, “шоудсан”. Барилгын эздийг бус төмөр унагасан барилгачин, кранаа буруу байрлуулсан жолооч нарыг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн. Мэдээж дарга нарын хамаг балгийг хэдэн ажилчин нь “аавынд” хэдэн жил үүрэх нь бараг тодорхой болчихлоо. Зөвшөөрөлтэй барилга осол гаргавал зөвшөөрөл олгосон нөхдийг, зөвшөөрөлгүй бол таслан зогсоогоогүй нөхдийг бас захиалагч, гүйцэтгэгч компанийн эздийг хөтлөлцүүлээд “аавынд” хүргэх ёстой баймаар.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн энэ сарын 28-ны хуралдаанаар зөвшөөрөлгүй баригдаж буй 80 барилгын 78-ынх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон. Мөн Сүхбаатар дүүргийн VI сургуулийн ард байрлах “Авзага трейд”-ийн барьж буй барилга, Сонгинохайрхан дүүргийн Таваншард баригдсан “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн дөрвөн давхар эмнэлгийн зориулалттай барилгуудыг нураахаар болсон. Харин зөвшөөрөлгүй баригдсан гэх 78 барилгын асуудлыг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.
Хамгийн гол иргэд бид санаа амар байх мөч ч үгүй хэвээр гэдгийг санаарай. “Дээшээ тэнгэр хол ч кран ойрхон, доошоо газар хол ч траншейн ойрхон” цагт ялаанд үүрсэх морь мэт аяглаж аяархан болгооомжтой алхвал утсан чинээ аминд ээлтэй юм даг уу даа.