Өнгөрөгч есдүгээр сарын 11-нд Барселон хотын төв талбайд мянга, мянган иргэд нэгдэж Испанийн харьяалалаас Каталончуудыг гарч, тусгаар тогтнолоо олохыг дэмжин жагссан юм. Үүнийг Испанийн ерөнхий сайд Мариано Рахой анхааралдаа авсан төдийгүй, Барселон хотын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулахын төлөө ажиллана гэдгээ амлаад байна. Гэхдээ энэ нь каталончуудыг тайвшруулсангүй. Тэд өөрсдийн парламентаар каталончуудыг тусгаар тогтнолоо олох эсэхийг хэлэлцүүлж, 95 гаруй хувийн саналаар дэмжигдсэн юм.
Испанид нүүрлээд байгаа хямралын улмаас 200 гаруй мянган ажлын байрыг цомхотголд оруулж, татварын өндөр хувь тогтоосон нь каталончуудын өлгий болсон Барселон хотод хүнд цохилт болж, иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Өнгөрөгч долдугаар сарын 20-нд болсон энэ үйл явдал 500 гаруй мянган уурхайчдаас үүдэлтэй. Учир нь тэдний цалинг тавилгүй хоёр сар гаруй болоод байсан юм. Мөн Засгийн газраас баримталж байгаа төсөв хумих бодлого, ажлын байрны цомхотгол зэрэг нь Барселонд хүнд туссан билээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 8-9 хувиар унаж, ажилгүйдлийн тоо урьд хожид байхгүйгээр уналтад орсон энэ байдал нь Испани улсын хамгийн ядуу бүс нутгийн тоонд багтаагаад байгаа юм.
“Бид тэдний тавиад байгаа шаардлага, эсэргүүцээд байгааг нь маш сайн ойлгож байна. Гэхдээ хямрал бүх европт нүүрлээд байгаа гэдгийг мартаж болохгүй. Тиймээс асуудалд хүлээцтэй хандах нь л чухал” гэж Германы канцлер Ангела Меркель ярьжээ.
Харин есдүгээр сарын 11-нд болсон жагсаал өмнөхөөсөө илүү хүчтэй байлаа. Тэд 1500 гаруй нийтийн тээврийн автобусын чиглэлийг хааж, галт тэрэгний зорчих хэсгийг ч бас хаасан юм. “Миний туйлын хүсэл бол бие даасан засаг захиргаа, бие даасан эдийн засагтай, улс шиг улс байхыг хүсч байна. Энэ бол зөвхөн минийх ч биш, нийт үндэстний, олон арван мянган иргэдийн хүсэл тэмүүлэл юм” гэж Каталон мужийн захирагч Артур Мас энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр ярьжээ.
Барселон хот бол Испанийн эдийн засгийг бүрдүүлж байдаг гурван том бус нутгийн нэг. Угтаа одоогийн Испанийг хөл дээр нь босголцсон эдийн засгийн нэг. Тийм учраас угаасаа үндсэрхэг үзэлтэй каталончууд Испанийн эдийн засаг, Каталоны эдийн засаг тусдаа байх ёстойг үеийн, үед дэмжсээр ирсэн. Гэсэн хэдий ч Испанийн засаг захиргаа энэ том эдийн засгийг зүгээр гаргачихаж чадахгүй. Угаасаа тийм сонирхол хэзээ ч байгаагүй гэхэд болно.
Балканы хойгийн улсууд яг л иймэрхүү байдлаас болоод тусдаа гарч, тусгаар улсууд болсон билээ. Харин яг одоогийн байдлаар Испани улсыг ийм хувь заяа давтахыг үгүйсгэхгүй. Учир нь цор ганц Каталончууд ийм хүсэл тэмүүлэлтэй байна уу гэвэл үгүй. Баск үндэстнүүд ч тусгаар тогтнолоо олохыг эртнээс хүсэмжилж, хүсэл зоригоо илэрхийлсээр байсан юм.
Яг одоогийн байдлаар Испани улсын эдийн засаг маш хүнд байдалтай байгаа. Ажилгүйдлийн төвшин, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт, төсвийн хэмнэлт, гадаад өр зэрэг нь Португаль, Ирланд хоёртой эн тэнцүү байгаа юм. Энэ цаг мөчид Каталончуудын эсэргүүцэл, ажил хаялт зэрэг нь угаасаа дэнжигнэж байсан эдийн засгийг улам ганхуулахад хүрч байна. “Энэ бол маш ээдрээтэй асуудал. Хэрвээ каталончууд эсэргүүцлээ улам эрчимжүүлж эхэлбэл Испанид хэцүү байх болно. Гагцхүү улстөрийн зөв ухаан л чухал юм. Балканы хойгийн улсууд хэрхэн задарсныг бид одоо бодох цаг нь болсон” гэж Канадын улс төрийн шинжлэх ухааны их сургуулийн, дэд профессор Карло Баста ярьжээ.
1960 оноос Каталончуудын эрх чөлөөний төлөөх тэмүүлэл улам хүчээ авсан гэхэд болно. Учир нь Генерал Франкогийн хүч сулрах тусам эрх чөлөөний төлөөх тэмцэл нь улам л ширүүссэн юм. Энэ байдал ч аргагүй. Учир нь Франкогийн дэглэмийн үед 300 гаруй мянган каталончуудыг буудан хороожээ. 1975 онд Франко таалал төгсхөд автономи муж болох хүсэл сонирхолоо засгийн газартаа илэрхийлж, албан бичиг хүртэл хүргүүлж байсан түүх бий. Энэ хүсэл 1993 оны эдийн засгийн хямралын үеэр бүр хүчээ авч санал хураалт явуулахад иргэдийн 75,5 хувь нь дэмжиж байсан удаатай. Үүнээс хойш 5 жилийн давтамжтай эсэргүүцлийн жагсаал эрчимтэй явагдаж, олон улсад өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлж байгаа билээ.
2010 оны зургадугаар сарын 28-нд 14 зүйл заалт бүхий тусгаар улс болох асуудлыг Испанийн дээд шүүхэд өгчээ. Харин долдугаар сард нь дээд шүүхээс энэ асуудлыг түтгэлзүүлсэн нь каталончуудын эгдүүцлийг төрүүлж, жагсаал цуглаан сар гаруйн хугацаанд үргэлжилсэн юм.
Яг одоогоор нийт ард иргэдийн 68 гаруй хувь нь тусгаар тогтнолоо олохыг дэмжсэн бөгөөд үлдсэн нь Испаний төр, Каталоны төр тусдаа байх ёстой гэхдээ тусгаар улс болох боломжгүй гэсэн саналыг өгчээ. Рахой энэ асуудлыг шийдэх гэж хичээж байгаа ч Каталончуудын уур, ундууцлыг багасгасангүй.